БНСУ-ын Ерөнхийлөгчийн номны талаар эссэ бичээрэй

БНСУ-ын Ерөнхийлөгч И Мён Баг өөрийнхөө амьдрал, хөдөлмөрийн замналыг өгүүлсэн “Ажлаар амьсгалсан он жилүүд” ном өнгөрсөн онд Монголд хөлтэйхэн нээлт хийж, нийтийн гарт хүрч байсан билээ. Тэрхүү нээлтэд тухайн үед олны танил хүмүүс болон төрийн түшээд уригдсан байлаа. Ийн зохион байгуулалтыг Солонгос Монголын хамтын ажиллагааны нийгэмлэг КОМЕХ байгууллагаас эрхэлж байсан юм. Тус байгууллагаас хоёр орны хамтын ажиллагааны чиглэлээр идэвх зүтгэл, хөрөнгө хүч зарж бүтээсэн ажил ихээхэн бий. Түүний нэг нь Ерөнхийлөгч И Мён Багийн Сөүл хотын дарга байхдаа бичиж хэвлүүлсэн номыг Монгол хэлнээ хөрвүүлэн олны хүртээл болгосон явдал байлаа.

БНСУ-д аливаа номын талаар сэтгэгдэл бичих уралдаан зохион байгуулагддаг нь энгийн үзэгдэл. Энэ нь нэгэн талаас тухайн номыг уншуулахаар нийгэм рүү хандсан албан зохион байгуулалт мэт боловч олон олон ийм арга хэмжээний дараа өнөөдрийн солонгосчуудын ном унших хэрэглээ маш өндөр түвшинд хүрсэн юм хэмээх соёл боловсролын салбарынхны нь дүгнэлт бий. Ямартай ч  “Ажлаар амьсгалсан он жилүүд” номын тухайд хэрэв залуу хүн та уншсан бол зөвхөн өөрийн хичээл зтгэл хөдөлмөрөөр оргүй хоосон ядуу амьдралаас улсынхаа Ерөнхийлөгч болтол өсөн дэвжсэн хувь хүний түүхээр дамжуулан БНСУ-ын түүх соёл, нийгмийн харилцааны тухай олон зүйлийг ойлгож мэдэрч, басхүү амьдралын зорилго тэмүүлэл авсан хэмээн итгэж байна.

Дээрх бүхнийг өгүүлэхийн учир тус номын талаар төрсөн сэтгэгдэл, авсан сургамж, цаашдын зорилго тэмүүлэл гээд ухаарсан бүхнээ өөрийн илэрхийллээр өгүүлэх эссэ бичлэгийн уралдаан зарлагдаад багагүй хугацаа өнгөрч байгаа ажээ. Гэсэн ч уншигч та эссэ бичлэгээ хүргүүлэх хугацаа арайхан дуусаагүй байна. Энэ сарын сүүлчийн өдөр хүртэл komexmongolia@yahoo.com хаягаар илгээх буюу холбогдох асуултынхаа хариултыг ч тус хаягаар хандан авч болох аж.  Б.ХОНГОР