Д.Гэрэл: БНСУ-ын Ерөнхийлөгч манайд богц дүүрэн бэлэгтэй очих нь уу гэдгийг харах ёстой шүү дээ

БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгээр магистрантурт суралцаж буй “Өдрийн сонин”-ы тусгай сурвалжлагч Б.Хажидмаа Сөүлээс бичиж байна. Монгол Улсаас БНСУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Д.Гэрэл манай сонины ярилцлагад уригдлаа.

-Сайхан намаржиж байна уу. Монгол Улс хүн ам, орон сууцаа тоолох хүрээнд Элчин сайдын яамд, тэр дундаа хамгийн олон монголчууд оршин суугаа гадаад улс дахь яамны хувьд зохион байгуулалт, ачаалал хэр байна даа?

-Юуны түрүүнд бидний ажил амьдрал гадаадад өрнөж байгаа ч тэр тухай эх орондоо байгаа мэтээр олон нийтэд мэдээлэхээр эрэлхийлсэн Монголын хамгийн том гэж болох сонин басхүү хүчтэй хэвлэл мэдээлийн хэрэгсэл танай хамт олонд баярлалаа.

Хүн амын тооллого бол маш том бодлогын чанартай үйл явдал. Дэлхийн хүн амын хөгжил аль чиглэлд явна вэ, аль чиглэлд хөгжих ёстой вэ гэхчилэн төлөвлөлт тооцоо судалгааг гаргах үндсэн ажил юм. Хүн амын тооллогыг Монгол Улс анх 2000 онд гадаадад зохион байгуулж байлаа. Өнөө жилийнх бол бүр их ач холбогдолтой. Нэгэнт хүний хөгжлийн төлөвлөлтийг гаргах гэж байгаа учраас зөвхөн Монголдоо биш гадаадад байгаа монгол хүнийг тоолж бүртгэж авахад хамгийн их ач холбогдол өгч байгаагаараа хүрээ нь асар их өсч байна. Өнөөдөр 30 гаруй мянган монгол хүн БНСУ-д ажиллаж амьдарч буй гэж албан ёсоор мэдээлдэг. Гэхдээ орж гарч байгаа, байнгын бус оршин суугчаа оруулаад тооцохоор 40 мянга хол давсан тоо гарна. Эдгээр хүмүүсийг тооллогод бүрэн хамруулж, улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлоход иргэний нь хувиар оролцуулахын тулд Элчин сайдын яам идэвхийлэн ажиллалаа. Тооллогын баг бүрдсэн. Зөвхөн БНСУ биш гадаадад байгаа монголчуудыг тоолох ажлыг Монгол Улсаас Гадаад хэргийн сайд ахлан удирдаж байгаа. Тооллого явагдаж дуусах хүртэл бэлтгэл, сурталчилгаа, жинхэнэ тооллого гээд гурван үе шатар ажиллалаа.

-НҮБ-ын ивээл дорх дэлхийн хүн амын тооллогод ихээхэн хөрөнгө санхүү тусгагдсан байдаг гэнэлээ. Эндээс оногдох хувийн дээр Монгол Улс ч тодорхой зардал хөрөнгө гаргах байх. Тухайлбал, танай яаманд хэдий хэмжээний төсөвөөр ажиллав?

-Одоогоор манайд бэлэн ороод ирсэн хөрөнгө, төсөвгүй. Өнгөрсөн хугацааны ажлыг бид өөрсдийн боломж, ажлын цар хүрээний сүлжээгээр дамжуулж амжилттай хийлээ. Сурталчилгааны ажилд Монгол хэл дээр цацагддаг төдийгүй солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд ч гар сунгасан. Эдний талаас чухам бусад Элчин сайдын яамдтай хэрхэн хамтарч ажиллаж байгааг мэдэхгүй байна. Манай тооллогыг ихээхэн дэмжиж байгаа. Яг тооллогын үеэр монгол иргэд биеэр ирээд бүртгэлээ өөрсдөө интернэтээр хийх орон байр бэлдэж, гаргаж өгөх юм. Манай Элчин сайдын яамны байранд ч тусгай өрөө бэлтгэсэн. Бас монголчууд их цуглардаг газруудад зөөврийн интернэт бүртгэл явуулж, яамны ажилтнууд газар дээр ажиллана. Нэг бэрхшээл бол  тооллогын өдөр өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 1-нд БНСУ-д G20-ийн дээд хэмжээний уулзалт эхэлж байна. Энэ том арга хэмжээнд БНСУ маш их ач холбогдол өгч, Сөүлд төдийгүй БНСУ-ын хэвийн амьдрал ахуйд замын хөдөлгөөний зохицуулалтаас эхлээд багагүй өөрчлөлт, хөдөлгөөн орох өдрүүд эхэлж байна л даа. БНСУ-д байгаа монгол хүн бүр ганцхан Сөүлд амьдардаг юм биш. Хөдөө орон нутгаас, хол газраас ч ирэх нэг хэсэг бий. Интернэт бүртгэл тул тухайн байгаа орон газраасаа хийж болно л доо. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ Сөүлээ зорьсон хэн нэг нь G20-ийн дээд хэмжээний уулзалттай холбоотой замын хөдөлгөөний өөрчилсөн зохицуулалт мэтэд өртөж мэдэх. Ямартай ч, бидний тооллогын дүнд ихээхэн, сөрөг нөлөө үзүүлэхгүй байгаасай.

-Тооллогын талаар Монголоос төлөөлөгчид ирж мэдээлэл хийсэн хурлыг удирдах үеэрээ та өөрийгөө өмнөх тооллогыг гардан зохион байгуулж явуулсан гэж ярьсныг би санаж байна…?

-Тэр бол Японд хүн амын тооллого хийж байсан тухай яриа. Тухайн үед зөвхөн Японд биш угаасаа гадаадад байдаг монголчууд цөөхөн байсан үе дээ. Тооллого түргэн шуурхай, хялбар, бас бодьтой, сайн хийгдэж байсан. Ер нь бол гадаадад байгаа монголчууд хүн амын тооллогод хамрагдах сонирхолтой, ач холбогдолыг нь бүрэн ухамсарлаж байгаа гэж би ойлгож байна.

-Энд 40 мянга хол давсан хүн тоологдоно гэж та хэллээ. Тав, зургаан жилийн өмнөхийг бодоход эндэхийн монголчууд цөөрсөн, ажил, үйлчилгээ ашиггүй болсон гэхчилэн яригдах юм. Эсвэл “харласан” монголчууд цөөрөөд, хууль ёсны монголчууд амьдарч суух нь ихэссэн болохоор ийм ойлголтын зөрүү байна уу?

-Үүнтэй холбоотой олон зүйлийг ярьж болно л доо. Үнэндээ БНСУ-ын тал бол хууль ёсны оршин суугч түлхүү байлгах зорилготой. Хэрвээ “харласан” этгээд аль ч орных бай үнэхээр энд ажиллаж амьдрах хүсэл, зорилготой бол албан ёсоор оршин суух эрх олгох тухай асуудал ч яригдаж байгаа. Манай улсын зүгээс бол мэдээж аль болох л олон хүнийг нааш БНСУ руу оруулж, ажлыг яаж хийдэг, үйлдвэр гэж юу вэ гээд мэдлэг хуримтлалын хувьд дадлага туршлагатай хүмүүс бэлдэж авахыг л зорьно. Тэд эх орондоо буцаад ямар нэг ажлыг бие дааж хийнэ, тэр нь үйлдвэржилтийн эхлэл болно гэхчилэн найдлага барьж байна шүү дээ. Тэр найдвар болсон иргэд маань бас хууль ёсоор оршин сууж, шахагдаж хавчигдалгүй хүний ёсны зэрэгтэй ажиллаж амьдрах ёстой гэж л мэдээж бид үзнэ.

-“БНСУ, Монгол Улсын соёлын харилцааг дэмжих нийгэмлэг”-ээс И Мён Баг Ерөнхийлөгчийн амьдралын түүхийн номыг монгол хэлнээ 2009 оны хавар орчуулан хэвлүүлж дориухан нээлт хийж байсан санагдана. Энэ газар бас БНСУ-аас Монгол руу гарах виз олгох эрхтэйг дууллаа. Их том эрх мэдэлтэй юм биш үү?

-Энэ бол сөрөгөөр бодох шалтгаангүй асуудал л даа. Өнөөдөр БНСУ-д Монгол Улсын Өргөмжит консул гэсэн статустай таван газар бий. Түүний нэг нь “БНСУ, Монголын соёлын харилцааг дэмжих нийгэмлэг” юм. Өргөмжит консулын үүрэг, хариуцлагад виз дарах эрх орсон байдаг. Мэдээж, дээрээс нь нэгтгэсэн байдлаар Элчин сайдын яам асуудлаа хариуцаж ажиллалгүй яахав. Элчин сайдын яам ч виз олгодог. Гэхдээ виз олголтыг тараан байршуулсан ийм хуваарилалт хийснээрээ Элчин сайдын яамны ажил асар их хөнгөрч байгаа. Өнгөрсөн зуны улиралд Монгол руу 48 мянган солонгос аялжээ. Хэрэв тэдэнд виз дарах бүх ажлыг Элчин сайдын яам дангаараа хийсэн бол бид Монгол иргэддээ үйлчлэх боломжгүй, цаг хугацааны хувьд төлөөсөх аргагүй цаг наргүй, эмх замбараагүй болох үр дүн гарна л даа.

-Энэ жил БНСУ, Монгол Улсын дипломат харицааны 20 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж байна. Ирэх жилийг БНСУ дахь Монголын жил болгож зарлахаар төлөвлөжээ. Энэ тэмдэглэлт, ойн жилүүдийн хүрээнд юу хииж байна, юу хийх боломжтой талаар мэдээлэл өгнө үү?

-Аливаа хоёр улсын дипломат харилцаа ийм өндөр түвшинд хүрнэ гэдэг маш их цаг хугацаа шаардах ажил. Гэсэн ч өнгөрсөн 20 жилд манай хоёр улсын дипломат харилцаа улстөрийн маш өндөр түвшинд хүрсээн. Нөгөө талаар хоёр улсын хооронд маргаантай асуудал ер байдаггүй. Одоо хамгийн чухал зүйл бол иргэд хоорондын харилцаа л болоод байна. Саяхан Монгол эмэгтэй бусдын гарт амь үрэгдсэн харамсалтай явдал гарсан. Энэ нь нөгөө талаасаа БНСУ манай улсад маш нээлттэй хандсан хийгээд тэр хэмжээгээр асар олон монголчууд энд олон төрлийн статусаар оршин сууж байгаатай холбоотой үүсч байгаа нэг асуудал юм л даа. Тэгэхээр иймэрхүү харилцааг осолгүй, эрсдэлгүй, сөрөг үр дагаваргүй болгох талаас нь нарийвчилж, зөв систем, технологийг нь олох шаардлагаар ажиллах ёстой болж байгаа илүү гүн гүнзгий асуудлууд урган гарч ирж байна. Энэ бол харилцаа маш нээлттэй, нягт, ойрхон байгаагийн нэг илэрхийлэл шүү дээ. Өнгөрсөн хугацаанд ямарваа харилцаанд манайх бараг давуу эрхтэй байгаа тал ч ажиглагдаж байгаа юм. За тэгээд БНСУ-ын зүгээс ашигт малтмалын салбар гэхчилэн анхаарлын төвд нь байгаа маш их сонирхож байгаа шинэ чиглэлүүд бий.

-Монголын талыг давуу эрхтэй байж ирсэн гэж болох талаар та хэллээ. Дипломат харилцаа тогтсоноос хойш бүх цаг үед БНСУ Монгол руу чин сэтгэлээсээ “хайр сэтгэлийн байдалтай” ч Монгол Улс хариу яах гээд байгаа нь мэдэгдэхгүй, харилцааны өсөлтөд найдвар тийм ч таатай биш гэж эндэхийн дипломат түвшинд яригдах нь дуулдсан. Тухайлбал, бас л таны ярианд дурдагдсанчлан ашигт малтмалын салбарт гэхэд л солонгосчууд эрэлхийлэл их ч найдвар алга гэж үзэж байгаа гэхчилэн…

-Хэн тэгэж байгаа юм бэ. Би бол санал нийлэхгүй байна л даа. Дуртай ч байсан дургүй ч байсан бид аль, аль талаасаа сайн харилцаатай байх ёстой, тийм байхаас аргагүй улс орнууд. Яахав, тухайн орны улс төр, нийгэм эдийн засгийн нөхцөл байдал ямарваа асуудлыг өөрөөр харагдуулж магадгүй. Өөрөөр хэлбэл, манай улсын өнөөгийн улстөр, эдийн засгийн нөхцөл байдал гадаад улс орнуудад ойлгомжгүй байж болох л юм. Гэхдээ бодлого чиглэл нь ямар байгаа вэ гэдгийг үйл ажиллагааны илрэл, дипломат харилцаагаар харна шүү дээ. БНСУ-ын найдвар тавьж байгаа асуудалд ямарваа шийдвэргүй, шинийг өгөхгүй байна гэдэг нь хоёр орны харилцааг бүхэлд нь тодорхойлох зүйл биш шүү дээ. Хүлээх ч үүрэг, шаардлага бас бий.

-БНСУ-ын Ерөнхийлөгч өнгөрсөн дөрөвдүгээр сард Монгол Улсад айлчлахаар төлөвлөж байгаад больжээ. Бас есдүгээр сард ч айлчлал хийх бэлтгэл хийгдэж байгаад таслагдаж. Ингэж их оролдоод байгаа эрх ашиг юу вэ?

-Мэдээж, гадаад бодлогын харилцааны хамгийн том илрэл бол Ерөнхийлөгчийн дээд хэмжээний айлчлалууд байдаг. Хэдийд, яаж айлчлахаар төлөвлөж байсан мэт талаар ийм тодорхой мэдээлэлтэй байгааг тань олзуурхаж байна. Яахав, тухайн цаг үеүдэд энэ улсад өөрийн нь дотор хойшлуулж болшгүй томоохон асуудлууд үүсч байсан мэтчилэн шалтгаанууд бий л дээ.

-Магадгүй энэ удаа явбал аяны богц маань Монголоос дүүрэн ирэхгүй нь гэж тооцоолоод төлөвлөсөн айлчлалаа цуцлаад байдаг уу?

-Тэд тэгэж бодож байвал би, бид бас БНСУ-ын Ерөнхийлөгч манайд богц дүүрэн бэлэгтэй очих нь уу гэдгийг харах ёстой шүү дээ. Эх орондоо богц дүүрэн ирэхийг хүсч байгаа Ерөнхийлөгч бас тэр орон руу богц дүүрэн явах л ёстой гэж бодож байна. Тэнцвэрийг аль аль талдаа барих ёстой байх.

-Боловсролын хөрөнгө оруулалт ч таны хэлсэнчлэн бас нэг бэлэг болно байх. АНУ, Монгол, Япон, Хятадаас хамгийн их оюутныг БНСУ Засгийн тэтгэлэгээрээ сургадаг тухайгаа олон зүйлд онцолж тайлагнах юм. Үнэхээр тийм байж чадах уу?

-БНСУ дэлхийн бусад улс орнуудаас илүү зөвхөн монголын залуучуудад Засгийн газрын тэтгэлэгээ хамгийн их өгч байсан ч бид тэрнээс нь дахиад л илүүг л хүснэ. Мэдээж, боловсрол бол хөгжлийн үндэс байдаг. Үүнийг чухалчилсан, нэгдүгээрт тавьсан улс орнууд тусмаа хурдан хөгжих бэлээхэн түүх байна. БНСУ тэгэж ач холбогдол өгдөг учраас ч өөрийнхийгөө гадагш сургах, бусдынхыг урьж, тэтгээд соёл, боловсролоо түгээх гавшгай бодлого явуулж чадаж байгаа улс л даа.

-Визгүй зорчих асуудал юу болж байна вэ?

-Энэ асуудлын хувьд визтэй, визгүй зорчино гэдэг хэлбэр, үгнээс илүү ямар тохиолдолд монголчуудад ашигтайг харах хэрэгтэй болдог юм. Тэртэй, тэргүй л энд байгаа монголчуудын дийлэнх нь ажил хийж олсон мөнгөөрөө Монголд байгаа ар гэрээ тэжээж зорилготой. Одоо бол визээ даруулаад орж ирэхэд 90 хоногийн эрхтэй. Хэрвээ визгүй болвол 15 хоногийн эрх ч үлдэж мэднэ. Тэгвэл энд байгаа сурдаг, ажилладаг үр хүүхэд, ах дүүтэйгээ уулзах, эмчилгээнд орох, за тэгээд 90 хоногийн визээ дуустал ажил хийчихдэг байсан мэт боломж нь ч хаагдаад ирэх очих нислэгийн тарифтаа хавчигдаад эхлэх нь монголчуудад төдийлөн ашиггүй л болчихно. Одоогийн байгаа 90 хоног бол хангалттай хугацаа л даа. Энэ асуудал бол яригдаж, шат дамжлагаараа явагдаж байгаа. Гэхдээ манайд аль нь ашигтайг л харах ёстой.

-“Харласан” монголчуудын асуудал байнга яригдаж байдаг. Тэдний эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгал яг өнөөдрийн байдлаар хэрхэн шийдэгдэж байгаа вэ?

-Наад хоёр зүйл чинь үнэхээр хууль бус суугаа иргэдийн хувьд хамгийн зовлонтой хэд хэдэн асуудалд голлож орно л доо. Эрүүл мэнд, цалин хөлс, тогтсон нэг газар ажиллах боломж, боловсрол, үр хүүхдийн нь асуудал гээд бэрхшээлүүд жагсана. Тэд хэдийгээр “харласан”, хууль бусаар суугаа ч бид эрх ашгийг нь хамгаалах үүрэг гарцаагүй биднийх. Тиймээс бид цалинг нь олгуулах, гэрээ тохиролцоогоо хийхэд нь гар биечлэн тусалдаг. Нэгэнт баригдаад нутаг буцах асуудал яригдсан үед бид бичиг баримтыг нь хурдан гаргах мэтээр ажилладаг. Гэхдээ энэ бүхэн мэдээж дутуу байгаа. Сая УИХ-ын дарга Н.Дэмбэрэлийн дээд хэмжээний айлчлалаар маш чухал асуудал хөндөгдлөө. “Харлагсадын” визийг чөлөөлөх асуудал яригдсан. Энэ асуудлыг хариуцсан БНСУ-ын тал удахгүй Монгол явах талаараа ч эрчимтэй ярьж эхэллээ. Тэгэхээр цаашид олон ахиц дэвшил гарна гэж найдаж байна.

-Цаг зав гаргасан таньд баярлалаа.