Өөрийгөө сайн сайхнаар мэдрэх арга бол бусдад талархаж баярласнаа илэрхийлж, бусдын сайн сайхан бахархмаар талуудыг олж харах явдал юм.

1.    Өөрийнхөө талаар үргэлж сайн сайхнаар ярих. Манайхан шиг тэгж өөрсдийгөө сонин, радио, зурагт гээд ямар л дуу хоолойгоо хүргэх хэрэгсэл байна тэр бүгдээр ясанд нь тултал муулдаг улс ховор байх шүү. 2. Өөрийгөө урамшуулах. Хэрвээ чи ямар нэгэн зүйлийг сайн зөв, хийсэн бол өөрийгөө үнэл. Би бас үүнийг чаддаг байна шүү, надад боломж байгаа юм байна гэж хаана ч гэсэн бодож бай.

3. Хийсэн алдаа дутагдлаа ялгаж салгаж байх. Хэн ч алдаа хийдэг. Алдаа хийснээрээ чи муу болохгүй. Дахиж алдаа хийхгүйг л эрмэлзэх хэрэгтэй. Алдаа бүхэн сургамж, алдаа бүхэн эрсдэл, эрсдэл бүхэн ухаарал, амжилт ололтыг дагуулж байдаг.

4. Биеэ сайтар тордож, анхаарч байх. Чи хорвоо дэлхийд ирэхдээ нүцгэн биеэрээ ирсэн, явахдаа ч тэгж явна шүү дээ. Ертөнц дээр чухам чиний өмч юу байгаа бэ? Энэ ганц бие чинь л юм. Энэ ганц өмчөө хайрла, додомд, урт хугацаанд сайн чадавхитай байлгахыг хичээ.

5. Өөрийгөө ямар хэрэггэй болохыг бусдад мэдүүлэх. Чи өөрийгөө хэрхэн үнэлж харьцдаг шигээ бусдыг хүндэтгэж харьц. Аяндаа хүмүүс чамайг ойлгож эрхэмлэж эхэлнэ. Аливаа зүйлд сэтгэл зүрхнээсээ хандвал ямар ч л байсан мэдрэгддэг юм.

6. Сайн хүмүүстэй ойр дотно байхыг эрмэлзэх. Сайн хүмүүст гэрэл гэгээтэй тал, чиний дууриаж эзэмшвэл зохих сайн зуршил, жишээ зөндөө бий. Тэдэнтэй ярьж хөөрч хамтарч ажиллахыг чин сэтгэлээсээ эрмэлз.

7. Ажлаа баяр хөөртэй хийх. Хэдийгээр чи хийх ямар ч сонирхолгүй байлаа ч нэгэнт л түүнийг хийхээс өөр аргагүй байдалд орсон бол яая гэх вэ үнэн сэтгэлээсээ хий. Хайнга хийх сэтгэлээсээ хийх хоёр ялгаагүйгээс хойш гараа гаргаж уурлаж уцаарлалгүйгээр, харин ч баяр хөөртэй хийж бай. Яагаад гэвэл ажил чинь чиний амьдрал, ажлын байр бол хоёр дахь гэр чинь тэндээс сэтгэлийн таашаал, урам эрч хүч авч дотоод сэтгэлийн цэцэрлэгээ тордож байх учиртай.

8. Өөрийн ард түмний болон дэлхийн бусад орны зохиолчдын бадрангуй өөдрөг, цоглог ном зохиолыг уншиж байх. Тэнд бас сэтгэлийн дэм, хязгааргүй их эрч хүч бий.

9. Сэтгэл зүрхэндээ өөрийнхөө ирээдүйн эерэг дүр зургийг ямагт ургуулан бодож явах. Одоо байгаа байдалдаа биш, ирээдүйн дүр зургийнхаа төлөө зүтгэснээрээ чи амжилтанд хүрнэ. Эсвэл надаас муу хүмүүс зөндөө л байна шүү дээ гэж өөрийгөө тайвшруулан доошоо харж баясах биш урагшаа харж, тэмүүлэлтэй амьдар. Өөрийнхөө эерэг дүр төрхийг сэтгэл дотроо томъёолж өдөрт ядаж хоёр удаа бодож бай.

10. Өөрийгөө хайрлаж хүндэлдэг шигээ хөршөө хайрлах. Хөршөө хайрлаж хүндэлж байгаа нь үнэн хэрэгтээ өөрийгөө хайрлаж байгаа хэрэг юм. Чиний эрх ашиг хөршийнхөө эрх ашигтай адил байх ёстой. Ийнхүү өөрийгөө өөдрөгөөр бодож үнэлж ялбал та сайн тийшээ өөрчлөгдөх алхмууд тавигдаж эхлэх болно.

Н.Батаа