Арбайтчин оюутан

Posted by gereltyortonts on September 13, 2010

Зун дууслаа. Зун би ажилчин байлаа. Намар ирлээ. Намарт буцаад л “ширээний бөглөөс” орон тооны ажил эхэллээ дээ.

Зун яг энэ гарчиг шигээ байлаа. Нэг үгээр хичээлийн чөлөө заваар “хүрд эргүүлэх боломж гарвал” цагийн ажил хийхийг бодно шүү дээ гадаадад сурдаг оюутан бид чинь. Хүмүүсийн хэлдэгээр хоолны газарт аяга тавга угааж  “дижичин” болно,  шал арчиж “хоккейчин” болно, буудлын өрөө хэсэн “биеэ үнэлэнэ” /цэвэрлэгээ хийж цагийн  хөлсөө авахаа хэлж байгаам шүү гэж хэхэ/ гэх мэтээр арбайтчин оюутны амьдралын дүр зураг даа.

Би ч мөн адил арбайтчин оюутны амьдралыг энэ биеэрээ амсаж явна.

Энэ зуны ид халуунаар нэгэн үйлдвэрт цагийн ажил хийлээ. Анхны биш хоёрдахь ажил маань. Үйлдвэрийн захирал өвгөн гэж нэг хөөрхөн гар бий. 70 нилээн гарч яваа, хүний үгийг нүд ирмэхийн зуурт мартчихдаг юм шиг хэрнээ мөнгөний тухайд бол ганц вон алдахгүй санадаг бас боддог. Хүнийг аргалаж ажлаа хийлгэхдээ тун сайн. Солонгост эрэгтэй хүн  ёстой алт эрдэнэс шүү дээ. Тэд үйлдвэрийн ажилд орохдоо цалин, байр, хоол, орчин гээд бүх зүйлийг нь харж шилж сонгоно. Хэрэв тэдэнд  сарын сая 200-аас илүүгүй цалин өгнө гэвэл оогт тоохгүй үнэд орно доо. Миний ажиллаж байсан үйлдвэрийн эзэн өвгөн тоолдог хэдээсээ болоод эрчүүдэд тоогдохгүй тиймээс яалт ч үгүй эмэгтэй бас оюутан намайг ажиллуулж байсан юм.

Өвгөн бид хоёр яг халууны улирлаар “байлдаж” таарсан. Пэээ базарваань. Би энэ Солонгосын зуныг, халуунаас ямар их залхаж байсан гээч. Хөл гараа хөдөлгөх нь байтугай зүгээр зогсож байхад хамаг хөлс урсаад, ядаж байхад ид ажлын үеэр тэр хөлсийг арчих завгүй хамаг биеийн шингэн хувцсанд шингээд сүүлдээ өнөөх хувцас нь шингээж үл бараад шал нойтон амьтан  ажил хийнэ дээ. Гадаа аймшигтай нартай байхад хувцас шал нойтон, хатахгүй байж болдог  юм байна лээ гэдгийг мэдсэн. Тэр мөнгө үрэн таран хийж турдаг хүүхнүүд Солонгост цалинжиж турвал таарна гэж. Би л гэхэд туранхайм байж турсан. Яс арьс биш яс яс болсон доо … туранхай хүн турахаараа арьс нь нимгэрэн, нимгэрсэн арьс нь фосфортоод их сайхан гэрэлтэж харагддаг болдогийн байна лээ хэхэ.

Үйлдвэрийн захирал өвгөн бол байнга хөрөгчнөөс хүйтэн ус зөөгөөстэй. Миний хоёр гар завгүй тул аягатай усыг аманд хийж өгнө. Цаадуул чинь айхтар хүнийг яаж шуухан уяраахаа мэднэ. Өвгөнийг гүйгээд байнгуут би гэдэг хүн өндөр настай хүн ажил хийгээд бас ус аягалж өгөөд байхад  ажлыг нь сайн хийчих юмсан гээд чардайгаад байна даа.

Ингээд өвгөний ажилд сар гаруй хөлсөө барьсан даа. Ажил хийсний дараа хамгийн кайфтай нь цалин гар дээрээ авах байдгийн байна лээ дээ.

Сургуулиа төгсөөд Монголд төрийн, хувийн, бизнесийн гээд салбар болгонд л ажиллаж байлаа. Тухайн үедээ л гологдохооргүй  цалин авч байлаа. Мэдээж цалин авах болгондоо баяртай байдаг байсан.

Гэхдээ энд цалин аваад баярлах тэр мэдрэмж Монголд байснаас өөр. Бүүр шаал ондоо. Цалин аваад баярлах өөр мэдрэмжүүдийн эхний шинж тэмдэг л гэхэд цалингаа авахаараа нээх их бодолд дарагдана, мөнгөө хэсэг хугацаанд харж сууна яг дурлалт залуугаа харж байгаам шиг хэхэ. Хоёрдохь шинж тэмдэг нь мөнгөө яаж үрэхгүй байх талаар бодож эхлэнэ. Бүүр огтхон ч үрэхгүй талаар гээч. Мөнгөндөө маш их хайртай яг Гобсек шиг. Мөнгө олох л юм бол ганц ч вон үрэхгүй байх ухаан.

Монголд ажил хийх өөр л дөө бас ч гэж. Ажлын 8 цагт тав тухтай орчинд, сурч мэдсэн зүйлээ зовлогоо зовоохгүй хийдэг болоод тэр байсан ч байж болох. Харин энд оюутнуудын бас Монголчуудын хийдэг үйлдвэрийн ажил үнэхээр л зовлогоо зовооно доо.

Би том болсон  намайг ажилд аваарай гэх удаах бүлэг бла бла …

Цагаа тулахаар чадахгүй дээ гэсэн хүн ч чадаж, барахгүй дээ гэсэн ажлаа ч бардаг юм билээ.

Ажлын цаг бол ярилт ч үгүй. Өдөрт 12-14 цаг үргэлжилэнэ – хоол идэх 1 цагийг эс тооцвол 1 минут ч амрах байтугай гар хөлөө зогсоох зайгүй ажиллана. Хөлсөө ч арчиж амжихгүй гээч. Хөлс нэг шувтарахын хооронд өнөөх машины урсдаг зам эргэлдээд дараагийн тавих юмнууд хоцорчихно. Тэгвэл дараа дараагийн техник, үйлдвэрийн машины ажиллагаа доголдоно.

Энэ бүхний эцэст хийж барахгүй гэснээ хийж бараад, чадахгүй гэснээ даван хөдөлмөрөө үнэлүүлээд гар дээрээ сая гарсан цалин авах нь кайфтай. Надад авч байгаа мөнгөндөө гол биш санагдаж байлаа. Гэхдээ энэ бол эхэндээ. Одоо хэдий хэмжээний цалин авах чухал л даа яагаад гэвэл архаг арбайтчин болсон учраас хэхэ…  Хэзээ ч төсөөлж байгаагүй тэр хүнд бэрх ажлыг би хийж чадаад тэрний бүрэн бүтэн баталгаа болж гар дээрээ энэ цалинг авсан шүү дээ гэх тэр мэдрэмж бол хамгийн гайхалтай нь.

Эхэндээ үйлдвэрийн хар бор ажил хийхэд эргүүлэг шиг л бодолд живнэ дээ. “Би чинь Монголд хэн байлаа ч гэх шиг … би чинь хэн билээ ч гэх шиг …” гэх мэтчилэн бодогдож орой ажлаас тараад орон дээр таван хошуу болон унахын цагт үе үеэрээ шархирах час час хийх багахан өвдөлтүүдийг мэдрэхдээ өөртөө гомдоод уйлмаар ч болох үе бий. Гэхдээ тэр бодол бол хамгийн тэнэг гэдгийг бага багаар мэдэрсэн дээ. Яагаад тэнэг гэж үү. Яагаад гэвэл би өөрөөсөө ичсэн. Тэгэж бодож чадаж байсандаа бас тийм бодол тээж байсандаа ичсэн. Яагаад гэвэл цагийн ажил хий /арбайт/ гэж хэн ч намайг хүчлээгүйгээс гадна “би энэ ажлыг хийж байхдаа яахав дээ” гэх мэтчилэн илүүрхэх давуу тал надад байхгүй гэдгийг ойлгосон. Яагаад гэвэл хар бор гэж “арьс өнгөөр ялгаврласан” тэр ажлыг хүн л хийдэг. Тэгэхээр би хүний л хийдэг ажлыг өөрийн хүслээр хийж байж яагаад илүүрхэсэн тэр тэнэг бодлыг өөртөө төрүүлэн,  шудрагаар хөдөлмөрлөж байгаа бусдыг “гутааж” үнэгүйдүүлэх ёстой гэж.  Басхүү тэр тэнэг бодол өөртөө төрүүлсэнээрээ, тээж явснаараа өдийг хүртэл  хар бор ажил хийж үр хүүхдээ тэжээн аж амьдралаа хэнээс ч дутахгүй авч яваа Солонгосын энгийн нэгэн иргэн, эсвэл энд амьдралаа залгуулах гэж ажиллаж байгаа бусад орны иргэдийг үгүйсгэн, дорд үзэж байгаа хэрэг биш гэж үү. Хэдийгээр бид энэ амьдралд хийж байгаа ажлаараа, өмсөж байгаа хувцасаар, бодож байгаа бодлоороо гэх мэт олон зүйлээр ялгардаг ч эцсийн мөн чанартаа богинохон амьдралдаа аз жаргалыг амтлах гэсэн эцсийн ганц хүсэлтэй л хүн, хүмүүс. Иймд хүн гэдэг утгаараа бид нэг нэгнээсээ юугаараа ч илүүрхэж, дутуурхахгүй.

Эцсийн эцэст энэ бүх 1 минутын үл амсхийх нөр их хөдөлмөр, нэмүү өртөг буй болгож буй үйлдвэрлэл, бүтээн байгуулалтаас, 1 минутанд тасралтгүй урсан гарах бүтээмжээрээ өнөөдрийн Солонгосын гялалзан хөгжиж байгаа нүүр царай тодорхойлогдож буй.

Арбайтчин болсоноороо би жинхэнэ утгаараа “том хүн” болсон доо. Магадгүй хүн болохдоо ч жинхэнэ утгаараа дөхөж очиж байгаа ч юм болов уу.

Элдвээр эргэлдэх “том санаанууд” гэх төгсгөлийн бүлэг

Би Монголд яаж ажиллаж байлаа. Тэр бол ажиллаж байгаа хэрэг биш байжээ. Би дэндүү ихээр эрхлэж байж. Эх орон маань намайг зүгээр л дэндүү их тансаглуулж сургажээ. Монголдоо бид үнэндээ л асгаж цутгаж, гоморхож туниж амьдардаг юм билээ. Иймээс сургуулиа төгсөөд хурдхан очвол яаж ажиллах ёстойг ойлгосон. Мөнгө гэдэг асар үнэ цэнэтэй хэрнээ ямар их хөлсөөр олддогийг, жинхэнэ хөлс ханхалсан мөнгийг хэрхэн зөв зарцуулах ёстойг хожуу боловч ойлгосон. Мэдээж мөнгийг тэгэж ингэж зарцуулах ёстой гэдгийг ном сонингоос өч төчнөөн уншиж байлаа. Гэхдээ биеэрээ амссан тэр туршлага бол жинхэнэ мэдлэг, бас ухаан болдогийн байна. Яагаад би өдийг хүртэл тэрбумтануудын намтарыг уншиж байсан хэрнээ тэд өндөрлөгт гарах хүртлээ зовлогоо хэрхэн зовоож хөдөлмөрлөж байсан гэдэг ганцхан өгүүлбэрийг бүрэн дүүрэн ойлгоогүйн болоо. Магадгүй өөрөө тэгэж хөдөлмөрлөж үзээгүй болохоор тэр өгүүлбэрийн үнэ цэнийг гүн бат ухаарааагүй юм байлгүй дээ.

Бас бид одоо хүртэл хар бор ажилтан, үйлдвэрийн ажилтан гэхээр боол мэт сэтгэж дөлж зугтан гадуурхасан хэрнээ оффисд ажилладаг цагаан захтанг мундаг мэтээр хэтрүүлэн туйлшруулж ойлгодог байнаа. Гэтэл өнөөдөр эх орноо л нэг харий. Нөгөө л Оюутолгой, Тавантолгойд нь мянга мянгаараа ажлын байр гарчихаад байхад тэнд чанар хангаж ажиллах Монгол ажилтан байхгүй байна гэх. Гэтэл гудамжаар дүүрэн их дээд сургуулийн дипломтой ажилгүйчүүдтэй …… !!!!!!. Магадгүй бүхий л цаг хугацаанд бидний ганцхан гарц боловсрол байсан байж болох ч боловсрол гэдгийг өөрөөр ойлгож, ажил гэдгийг бас өөрөөр ойлгож хүлээн авах цаг нь болсон юм билээ. Гэхдээ одоо ч мэдээллийн бүхий л сайтуудаас гадна хүмүүсийн яриаг сонсож байхад тэр болгоныг ярьдаг болсон нь сайшаалтай том дэвшил шүү.

Зааа заа нэмж хэлэхэд Солонгосын үсрэнгүй хөгжилд мянган мянган монгол залуусын хүч хөдөлмөр, асгарч буй мянган мянган литр хөлс асар их хувь нэмэр оруулж байгаа гэдэгт би хувьдаа санал нийлж 4 мөчөө өргөнө. Жишээ нь би л гэхэд “сульдаатай”, 10 метрт ч олигтойхон гүйж барахгүй нөхөр гэлтгүй Солонгосын машины үйлдвэрлэлд хөлс хүчээ оруулж амжсан бөлгөө.

ЭНД АСГАРЧ БАЙГАА МОНГОЛ ЗАЛУУСЫН ХӨЛСИЙГ МОНГОЛД  ЦӨЛЖИЖ БУЙ ХӨРСӨНД АСГАВАЛ ЯМАР ИХ ГАЗРУУДЫГ ХУУРАЙШИЛТААС АВАРЧ ЧАДАХ БОЛОО. Дашрамд хэлэхэд Солонгост ажилладаг Монгол залуус хамгийн мундаг нь байдаг юм шүү. Чичлүүлдэг гарууд бий ч магтуулдаг нь тэднээсээ их дээ.

Одоо хичээл эхэлсэн нэг хэсэгтээ л нуруу туруу, хүзүү толгойндоо “шар ус хуримтлуулна” тэгээд амралтын саруудаар, хуримтлуулсан арвин их шар уснуудаа тараах хөл гарны дасгал хийж арбайтчин болно доо.

Нэг иймэрхүү спираль амьдралаар амьдрана даа.