Өнөөдөр бороо орж байна. Монголчууд хур тохиохыг  билэгшээдэг. Би ч бас билэгшээж, бид­ний яриа илэн далангүй, сайхан өрнөх байх гэж бодно. Таны хувьд энгийн утгаараа бороотой өдөр ямархуу сэтгэгдлээр эхэл­дэг бол?

-Би өөрийгөө нэг талаас өөдрөг хүн гэж боддог. Өөдрөг хүний хувьд аливааг тэр өнцгөөсөө л түрүүлж харах гэдэг байж мэднэ. Хүний амьдралд хэцүү бэрх зүйлүүд тохиолдохгүй бай­на гэж үгүй. Гэхдээ ерөнхий том утгаараа бол надад өдөр болгон сайхан. Бороо­той өдөр илүү сайхан. Ийм өдөр гараад алхаж байхад цаанаасаа л нэг тийм сэргэг, цэнгэг, хөнгөн, зөө­лөн эрч хүч өгдөг. Хүн бол­гон энэ гайхамшигтай увидаст нь автдаг байх л даа. Бороо бол эм шиг зүйл юм. Ертөнцийг сэрээж, ургамал, уул усыг сэхээн амилуулж байдаг.

-Элдэв хэлбэр­дэлт­гүй, энгийн хүн харагддаг болохоор борооны тухай энгийн асуулт тавь­чих­лаа?

-Тийм үү. Энгийн байх нь зөв биз дээ. (инээв)

-Хүмүүс өөрийг тань олон янзаар тодорхойлох юм. Зарим нь зөөлөн, чи­мээгүй харагддаг ч цаа­наа хатуу самар шүү гэж байхад зарим нь их аядуу, бүх юм нь дотроо болж байдаг хүн гэх жи­шээтэй?

-Хүн болгон адилгүй хүлэг болгон жороогүй гэж нэг үг бий. Бүх хүн хоорондоо харилцан адилгүй. Ялан­гуяа зан чанарын хувьд. Тэрийгээ да­гаад бүх хүн юмыг өөр өөрийнхөөрөө л хардаг. Жишээ нь би шаардлагагүй юмыг ярих дургүй. Бусдын хувийн ажил амьдралд оролцох дургүй байх жишээтэй. Шаардлагагүй гэж үзсэн зүйлээ ярих дургүй зан чанар маань зарим үед намайг чимээгүй хараг­дуул­даг байхыг үгүйсгэхгүй. Ажил хэр­гийн, ялангуяа улс орны чухал асууд­лууд дээр байр сууриа тодор­хойгүй байдлаар орхидоггүй. Харин ч тодорхой байдлаар илэрхийлдэг. Өөрийнхөө харж байгаа өнцөгөөс асуудалд үндэслэлтэй, бодитой хандаж, илүү гүн гүнзгий талыг нь нээж илэрхийлэхийг боддог.

-Та монголчуудын  сайн мэд­дэг хүн мөн үү?

-Одоо танигдаж байгаа гэж хэлж болох байх, тийм үү.  (инээв)

-Өмнө нь Гадаад хэргийн сайд Батболдтой уулзаж байсан юм байна. Харин өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд, эрх ба­ригч намын дарга, эрх мэдлийн эзэн Батболдтой ярьж сууна. Гаднаасаа бол та хэвээрээ л байх шиг харагдаж байна?

-Миний “дотор хүн”-д ч ямар нэгэн онцгой өөрчлөлт гараагүй байх гэж бодож байна.

-Гэхдээ эрх мэдэл хүнд та­вигддаг хамгийн том шалгуур юм гэсэн. Хүмүүсийн танд хан­дах хандлагад хэр өөрчлөлт орж байна даа?

-Орсон. Илүү өргөн хүрээнд ажиллах шаардлагаа дагаж тодорхой өөрчлөлтүүд миний амьдралд гарсан. Хуучин гадаад хэргийн салбарын хүрээ, намын хамт олны хүрээ, за тэгээд хоббигоо дагасан спортын хүрээ гэх мэтээр хязгаарлагдаж байсан бол одоо илүү өргөн хүрээнд ажиллаж байна.

-Ерөнхий сайдын албыг их өвөрмөц байдлаар хүлээж ав­сан. Та өөрөө гэнэтийн шийд­вэр байлаа гэж мэдэгдсэн ч  өөрийг тань бэлтгэлтэй байсан л гэж  боддог юм?

-Намын дарга, Ерөнхий сайдын ажлыг С.Баяр дарга нэр хүндтэй, өндөр хариуцлагатай авч явж байсан. Ажлаа өгөх болсон шийдвэр нь  эрүүл мэндийн шалтгаанаас үүдсэнийг та бид бүгдээрээ мэдэж байгаа. Гадаг­шаа нэг явж ирээд намын журмын нөхдүүдээ цуглуулаад ийм шийдвэр гаргах болсноо хэлсэн. Бид ч хүлээж авахаас өөр аргагүй байдалд орсон. Ийм зүйлийг тооцох арга бий гэж үү. Өвчин хэлж ирдэг биш хийсч ирдэг зүйл шүү дээ.

-С.Баярын стандарт бус Зас­гийн газар гээд л эхнээс нь таа­гүй хандагсад хоёр намд цөөн­гүй бий. Энэ бүтцийг барьж ажиллах амар биш байна уу?

-Анх С.Баяр даргыг ийм улс төрийн шийдэл гаргахад стандарт байна уу, стандарт бус байна уу гэдгийг хувьдаа нэг их чухал асуудал биш гэж үзэж байсан. Ер нь нийгмийн амьдрал, харилцаа өөрөө стандарттай байна уу гэдэг асуудал илүү чухал. Бидэнд стандарт бус зарим шийдлийг хийж байж стандарт тогтоох шаардлага байхыг үгүйсгэхгүй. Иймд шилжил­тийн гэх бүхэл бүтэн 20 жилийн туршид шийдэлгүй орхигдуулж ирсэн том асуудлыг шийдэхийн төлөө хамтарсан Засгийн газар байгуулах санаачилгыг анхнаас нь дэмжиж байсан. Өмнө ч, одоо ч энэ бүтцийг авч удирдаж явахад олон талын ашиг сонирхол, зорилгыг нэгтгэсэн нь нэг талаасаа хамгийн ээдрээтэй байж магадгүй. Гэхдээ энэ хамтарсан Засгийн газрыг ажлын амрыг бодож байгуулсан биш, харин ч хамгийн хүндээс нь авч хийнэ гэж байгуулсан болохоор эргэлзэж тээ­нэгэлзэх зүйл байхгүй ээ.

-Шилжилтийн гэх томъёо­лол­той урт удаан цаг хугацааг тууллаа. Одоо ч үнэхээр энэ малгайгаа тайлж орхимоор байна шүү?

-Одоо шилжилтийн гэх үедээ баяртай гэж хэлээд, хөгжлийнхөө дараагийн 20 жилийг эхлүүлэх түүхэн гарааны өмнө бид ирсэн гэдэгт хатуу итгэлтэй байдаг.  Бид хамтарсан засаг байгуулснаар хөгжлийн шинэ хориныг эхлүүлж байна. Хамтарсан засаг байгуулж байж бидний шийдэж чадах­гүй яваад байсан олон асуудлыг ший­дэх бололцоо гарч ирсэн. Олон зүйл болж бүтэж байгаа, зах зээлийн ний­гэм, ардчиллын суурийг нь ерөнхий­дөө тавьсан ч гэсэн эдийн засгийн, нийгмийн, санхүүгийн, боловсролын олон асуудал ойлгомжгүй байна. Тоглоомын дүрэм, эсвэл стандарт нь  ихээхэн гажчихсан. Тэгэхээр улс орныхоо амьдралыг нэг цэгцэлж аваад, дараагийн 20 жилийн хөгжлийн бодлого руугаа зоригтой алхан орох шаардлага тулгарч байна. Тийм учраас дараагийн 20 жилийн бодлогыг тодорхойлох суурийг энэ хамтарсан Засгийн газар тавих ёстой гэж үзэж байна. Бид энэ бодлогын эхлэлийг тавьж, тэр ажлыг эхлүүлэхийн төлөө хамтдаа зүтгэж байна. Тэгэхээс ч өөр арга байхгүй. Улс орныхоо ирээдүйн эрх ашгийн төлөө шүү дээ.

АРД ТҮМЭН БИДНИЙГ БОДЛОГОО НЭГТГЭЖ ХӨГЖЛИЙН ТОМ  АСУУДЛУУДАА ХАМТДАА ШИЙД ГЭЖ СОНГОСОН

-Тэргүүн нь танхимынхаа та­лаар үүнээс өөрөөр ярьж бо­лохгүй л дээ?

-Олон нийт биднийг улаан уу, цэн­хэр үү гээд нэг их ялгаад, айхтар их илүүд үзээд байхаасаа илүү биднийг хамтдаа бодлогоо нэгтгэж байгаад, том хөгжлийн асуудлуудаа шийд л гэж сонгож байна гэсэн үг. Тэгэхээр өнөөдөр бидний өмнө тулгараад байгаа гол асуудал бол стандарт бус Засгийн газрын тухай биш. Хамгийн гол тулгараад байгаа асуудал бол ажилгүйдэл. Үүнээс үүдсэн ядуурал. Нийгмийн шударга ёс, ижил тэгш нөхцөлийг бий болгох, ард түмнийхээ аж амьдралыг дээшлүүлэх асуудал чухал болоод байна. Эдгээрийн төлөө л бид бодлогоо хийж, бүх чадавхиа шавхан ажиллаж, хариуцлага хүлээх ёстой. Хариуцлагыг шөргөөцөлдөөд, бужигнаад, талцаад нэмэгдүүлж ча­дахгүй. Ажилгүйдлээ хэрэлдээд, урал­цаад, хуваагдаад  бууруулж чадахгүй. Нийгмийн харилцааг бүхэлд нь хөгж­лийн бодлогоор явуулахгүй бол бид шаварт хий эргэж байгаа дугуй шиг л байгаад байна. Урагшаа явах хэрэг­тэй. Урагшаа явуулахын тулд бид энэ сонголтыг хийсэн, зөв ч байсан. Гэх­дээ жинхэнэ хариултыг амьдрал өө­рөө харуулах ёстой. Амьдрал харуул­на гээд бас хувь заяанд даатгаж бо­лохгүй. Үүний төлөө ажиллах ёстой. Нэг санаа зовоож байгаа зүйл бол цаг хэтэрхий хурдан өнгөрч байна. Үйл ажиллагаагаа ойлгуулах, хүлээн зөвшөөрүүлэх, хийж хэрэгжүүлэх, үр дүн гаргана гэхэд их л бага цаг үлдсэн. Эрч хүчтэй, улам илүү үр дүнтэй ажиллах хэрэгтэй байна.

-Санаж зорих бол тусдаа өөр ойлголт. Яг амьдрал дээр дугуй зэрэгцэж эргэх эсэх тухай илүү чухал зүйл бий шүү дээ?

-Тийм ээ.

-Та Ерөнхий сайдын албыг аваад  гол гол салбарууд дээр очиж өөрийн бодлого зорилтоо тунхагласан. Том өөрчлөлтийг хийхээр зорьж байгаа. Тэгэхээр нөгөө талын дугуй хэр  зэрэг­цэж эргэж байна вэ. Зарим сал­барт бол яагаад ч хамтарч эргэ­хээргүй л дугуйнууд харагдах юм. Бас парламентын түвшинд хяналт байхгүй?

-Бид хяналтыг улс төрийн нэг нам нөгөө нам дээрээ тавих хэмжээгээр ойлгож болохгүй л дээ. Намууд хэзээ ч хоорондоо хяналт тавихдаа тавиад, хамтарч ажиллахдаа ажиллаад явчи­хаж болдог. Заавал зурвасын наана цаана байж хяналт хэрэгждэг гэж нотолсон зүйл онолын хувьд ч, бодит амьдралын хувьд ч байхгүй. Дэлхийд хамгийн өндөр амьдралын түвшинтэй гэж тооцогддог улсуудын нэг Щвей­царьт сүүлийн хагас зуун жилээс илүү хугацаанд том намууд нь хамтраад засгаа барьж удирдаж байна. Австрид ч бас ийм байгаа. Тэглээ гээд асууд­лаа харин ч хамгийн оновчтой аргаар шийдэж ирсэн. Иймд олон улсын туршлагаас харахад иргэний нийгэм өөрөө төлөвшиж, иргэний боловсрол нь дээшилж, иргэн хүн эрх үүргээ зөв ойлгодог, тэр эрх үүргийг нь зохи­цуулж байдаг хууль нь нийтэд тэгш үйл­чилдэг ийм систем тогтох юм бол хяналт бүрэн утгаараа бий болно.  Тө­рийн үйл ажиллагааг хяналттай байл­гана гэдэг нь хууль дүрмийн, төр, ху­вийн хэвшил, иргэний нийгмийн хам­тын ажиллагааны хил заагийг нь их тодорхой болгож өгөх асуудал юм. Тө­рийн өмчийн компаниудын асууд­лаар ТӨХ-ны даргад Засгийн газар үүрэг өгсөн. Төлөөлөн удирдах зөвлөлөө нээлттэй болго, улс төрийн томил­гоо­гоор албан тушаалд ханддаггүй бол. Нээлттэй ил тод сонгон шалгаруулалт явуулаад, төрийн өмчийн томоохон компаниудад хараат бус захирлын зөвлөл бий болго. Тухайн салбарын, мэргэжлийн хүрээндээ хүлээн зөв­шөө­рөгдсөн, ажлын туршлагатай, бусад шалгуурыг даасан хүмүүсээр хараат бус төлөөлөн удирдах зөвлөл бий болго гэсэн. Тэгэх юм бол энэ компани өөрөө нийгмийн хяналт руу орж ирж байна гэсэн үг. Тэгээд тэр компанийг дараагийн шатанд яах вэ гэхээр  хувьчиллаа гэдэг нэрийн дор нэг чадалтай, лоббитой компани авдаг биш боломжтой бол хөрөнгийн бирж дээр гаргадаг болъё. Тэгж байж нийт ард түмэнд хувьцаа авах тэгшхэн боломж олдох болно. Хувьцаат ком­пани болоод ирсэн тохиолдолд тэр компанийн үйл ажиллагаа тунгалаг, нээлттэй болно. Яагаад гэвэл…

-Иргэдийн хяналтанд орчихно?

-Иргэд өөрсдөө миний хувьцаа эзэмшиж байгаа компанийн үйл ажиллагаа ямар байна вэ гэдгийг харж чаддаг болно. Магадгүй “Эрдэнэт” ч гэдэг юм уу, “Мобиком” гэсэн хувийн компанийн хувьцааг авахад тодорхой ашиг хонжоотой байх нь ойлгомжтой. Тэр компани дампуураад нэг шөнө алга болчихгүй шүү дээ. Тэгэхдээ тэр хувьцааг авахын тулд тэр хүнд юу хэрэгтэй вэ. Нээлттэй ил тод, сайн засаглалтай ийм компаниуд л хэрэг­тэй. Нээлттэй сайн засаглалтай, үр ашиг­тай компанийн хувьцаа өндөр ашиг­тай, түүнийхээ хэрээр баталгаа­тай байна. Ойлгомжгүй битүү, бул­хайтай бол дампуурдаг гэдгийг  олон жи­шээ нотолно. Төрийн үйл ажилла­гаа­ны механизм ч гэсэн яг адилхан. Төрийн компанийнх ч бай, төрийн яамных ч бай, ерөөсөө нээлттэй, ил тод, ойлгомжтой, хууль эрх зүйн орчин нь тодорхой байх ёстой. Энэ шинэч­лэлийг хийх ёстой. Нийгмийн өндөр түвшний хяналтыг бий болгосон ийм тог­толцоо бол соёлтой, хөгжсөн төрүү­дийн хамгийн том баталгаа, дархлаа нь байдаг. Тэрийг л бий болгох ёстой. Тэр хяналт, соёлыг бий болгох нь амаргүй гэдгийг бид өөрсдөө харж л байгаа. Энэ ёстой сайн нам, энэ ёстой муу нам, энэ ёстой муу хүн, энэ ёстой сайн хүн гэж маргалдахаасаа илүү асуудлаа гаргаж ирээд яаж шийдэх вэ гэдэг зарчмаа ярих нь өнөөг хүртэл төлөвшиж чадахгүй л байна. Юм л бол мэт­гэлцээн нь ердийн гудамжны мая­гийн хэрүүл рүү орчих гээд байх юм.

УЛС ОРНОО МОНГОЛЧУУД БИД Л АВЧ ЯВАХ ЁСТОЙ.
ЭРГЭЛЗЭХ ЗҮЙЛ ЭНД БАЙХГҮЙ

-Оюутолгойн асуудал эцэс­лэгдэж галт тэрэг хөдөлсөн. Эргээд Оюутолгой чинь ийм ч муу болсон, тийм ч дутуу бол­сон гэж ээрээд байх сонирхол үнэндээ алга. Магадгүй нийгэм даяараа урагшлах, хөгжихийн хүслэнд автсаны  илрэл байх?

-Тийм өөрчлөлт хүмүүсийн санаа бодлоос бол ерөнхийдөө мэдрэгдэж байгаа. Энэ бол маш сайн өөрчлөлт гэж би хувьдаа харж байна.

-Монгол оронд хамгийн гол тулгамдсан асуудал ажил­гүй­дэл. Оюутолгой төсөл хэлэлцэх явцад бид ажлын байрны ту­хайд л гол анхаарлаа тавьж бай­сан. Монгол­чуудад ашигтай том том боломж, том том тоонууд ч яригдсан. Гэвч энэ тоо одоо байхгүй болчихлоо. Хэрвээ ингээд ярьсан юмнууд маань хэрэгжих явцдаа өөрчлөгдөөд яваад байх юм бол яах юм бэ. Энд та товчхон хариулт өгчих­гүй юу. Ахиад Оюутолгой гэсэн асуулт надад байхгүй?

-Оюутолгойн гэрээг байгуулах уу, үгүй юу гэж маргасаар зургаан жил өн­гөрсний дараа гэрээг байгуулсан. Арай гэж ингэж нэг алхам хийгээд ажил эхэлсэн үү үгүй юу эхлүүлсэн зүйлээ нураах гэх юм. Гэрээг анх байгуулах талаар хэлэлцэх явцад шууд болон шууд бус байдлаар уурхайг байгуулах болон туслан гүйцэтгэх бусад салбарт арван мянган ажлын байр бий болно гэсэн тооцоо бий гэж танилцуулж байсан. Яг өнөөдрийн байдлаар тэнд 2000 орчим монголчууд ажиллаж байна. Газрын гүнд мянга гаруй метрт монгол залуучууд дэлхийд цөөхөн тийм уурхайг бий болгож байна. Бид бахархах зүйлээрээ бас бахархаж сурах хэрэгтэй. Шинээр олон мянган ажлын байр Монгол Улс даяар бий болж байна. Наад захын жишээ хэлэхэд хоол хүнсний нийлүүлэлт хийдэг аж ахуйн нэгж нь 200 хүнээр ажлын байраа өргөтгөж байна.Монгол төрийн хийж байгаа хөрөнгө оруу­лалттай тэнцэхүйц хөрөнгө оруулал­тыг Монгол Улсад дан ганц энэ компани хийж байна. 2010 онд эдийн засгийн өсөлтийн багагүй хувийг энэ төсөл дан ганцаараа бий болгох нь. Иймд тоо хаашаа ч алга болоогүй.
Харин энэ ажлыг нураах гэсэн галт тэрэг аль хэдийнээ хөдөлжээ л гэж харагдаж бай­на. Гэрээ хүчин төгөлдөр бо­лоод дөнгөж гурван сар ч болоогүй байхад ийм зүйл ярих нь угаасаа утга агуулга багатай зүйл. 2013 он гэхэд тэр орд газарт бүтээгдэхүүн үйлд­вэр­лэж эхэлнэ. Оруу­лахын төлөө ч шахаж шаардаж ажиллана.
2013 онд Оюутолгойн гэрээ жинхэнэ утгаараа төсөл биш үйлдвэр болно. “Эрдэнэт” шиг. “Эрдэнэт”-ээс ч гурваас дөрөв дахин том байна гэж үзэж бай­гаа шүү дээ. Үйлдвэр ашиглал­танд ортол гурван жилийн хугацаа байна. Өөрөөр хэлбэл гурван жил бидэнд сайн муу гэж маргах хугацаа байна гэсэн үг. Гэхдээ маргасан ч ажил маань явж байх ёстой. Гол нь бид тэнд ажиллах мянган ажилтнаа бэлт­гэх ёстой. Бүр нарийн мэр­гэжил тус бүрээр нь. Энэнд чинь хуга­цаа хэрэгтэй шүү дээ. Би БСШУЯ, НХХЯ-дад Оюу­тол­гойн боловсон хүчнийг бэлт­гэх зо­рил­гоор аймаг суурин газ­руу­дад ТМС-ийг байгуул гэж үүрэг өгсөн. Энэ ажил хэрэг­жих ша­тан­даа явж байгаа. Бид өнөөгийн өөрсдийн бодит бо­лолцоогоо сайтар мэдэж байж асуудлыг ярьж баймаар байна. Хэрвээ тө­сөл хэрэгжүүлэгчид манай ажилтнуудыг бэлэн бол­тол хүлээвэл нөгөө 2013 он маань л цаашаа сунана гэсэн үг.

-Одоо бид Тавантолгойн гэрээг хийх гэж байна. Гэх­дээ манай хөгжлийн бодло­го барьж байсан түүхийг ха­рахад монгол хүндээ итгэж найдах талаар асар дутмаг явж ирсэн. Таны гаргаж тавь­­­­сан нэг том бодлого мон­­­гол хүний үнэлэмжийг дээшлүү­лэх тухай асуудал. Монголыг монгол толгой хөгжүүлнэ гэсэн таны сай­хан үг шинэх­нээрээ сон­согд­­­­соор байгаа. Үүгээр Таван­толгойн төсөл рүү оръё?

-Монголчууд бид хөгжилтэй улс орон, бүтээгч ард түмэн болохыг эрмэлзэх цаг болсон. Энэ тухай Тавантолгойн асууд­­­­­­лаар УИХ-д хэлсэн үгэн­дээ онцлон тэмдэглэсэн байгаа. Баян, хөрөнгөжсөн улс олон бий, ялангуяа уул уурхайн салба­раас хөрөнгөтэй болсон улс орон олон. Харин баян байна гэдэг хөгжилтэй байна гэсэн үг бас биш. Хөгжил­тэй улс бол юуны өмнө хүмүүс нь бүтээгч, үйлдвэрлэгч улсыг хэлдэг. Тийм болохоор улс маань хөгжилтэй болж ард түмэн маань бүтээгч болох зорилтод хүрэх хө­дөл­­гүүр нь, галт тэрэгний зүтгүүр нь Таван­толгой байх үзэл ба­римтлалыг бид өргөн барьсан. Ер нь бол орчин үеийн уул уур­хайн төсөл бол олон хүн гэхээ­сээ нарийн техник технологи шаар­дана. Харин дагалдах дэд бүтэц, санхүү, үйлчилгээний салбарт шинэ ажлын байр олноор бий бол­но. Ийм ч учраас Таван­толгойн төсөл нь УИХ-д одоо өргөн барьсан төмөр зам, орон сууцны төслүүдтэй шууд уял­­­даа холбоо­той бөгөөд Хү­ний хөгжил сангаас эрүүл мэнд, бо­ловс­ролын тогтол­цоог шинэч­лэх, хүмүүстээ шинэ­лэг үйл­чил­­гээ хүргэх бодлогын нэг хэсэг.

-Тавантолгой төсөл хувь заяагаар таны гараар л хийг­дэх ёстой байжээ дээ. Ми­ний юу хэлэх гээд байгааг ойлгож байгаа байх?

-(инээв) Тавантолгойн сүү­лийн үеийн түүхийг нь хамгийн сайн мэдэх хүний нэг би байх. Хувь хүний хувьд өөрийн чинь хэлснээр надтай учир тави­лангийн сонин зурлагатай төсөл л дөө. 1999 онд уг ордыг эзэм­шиж байсан компанийн захирал над дээр анх ирсэн юм. Таны бизнесээ явуулж бай­­­­­гаа арга туршлагыг судал­лаа. Би ер нь тантай уулзъя гэж бодоод ирлээ гээд уулзсан. Тэр хүн бол бас л энэ төслийг мон­голчуудаараа хийлгэчихье гэсэн бодолтой ирсэн. Тэгээд яриа хэлцлүүд хийг­дээд, бид тэрийг нь аваад явсан. Гадна дотнынхонд за­раа­­гүй, хадгалж байсан. Хадга­лах хадгалахдаа нэг хүрз нүүрс аваагүй мөрт­лөө лицензийнх нь төлбөрийг улсад төлөөд л, ёстой нөгөө охиноо хадамд гаргах гэж бай­гаа эцэг шиг харамлаж, хав дарж, бөөцийлж байсан. Эцэст нь тэгээд төрдөө тушаасан даа. Биднийг уг лицензийг эзэм­шиж байхад өнөөдрийн энэ яригдаад байгаа гаднын том том компа­ниуд бас л том том саналуудыг тавьж л байсан. Тэр үед ч би энэ төслийг мон­гол­­­чууд бид өөрсдөө хийнэ гэсэн хатуу бо­дол­той байсан. Өнөөдөр Мон­голын төр энэ төсөл дээр өөрийн шийдвэрийг гаргахад бэлэн болоод байна. Би анх­наасаа үүний төлөө байсан.

-Шууд баримталж байгаа хэдэн гол зарчмаа яриад явчих уу?

-Нэгдүгээр зарчим, Мон­голын төр бүрэн эзэмшилдээ байлгана. Гаднынханд өмчлүү­лэхгүй, худалдахгүй. Мон­голын төр өөрийнхөө өмчлө­лөөр, өөрийнхөө мэдлээр төс­лийг босгоно. Хоёрдугаарт, энэ уур­­хайгаас хишиг хүртэх ёс­той хүмүүс нь  Монголын бүх ард түмэн.  2,7 сая иргэн бүгд  ижил тэгш хувь хүртэх эрх­тэй. Энэ боломж нь бүх монгол­чуудад адилхан. Гурав­дугаарт, энд хувь хувь­цаа эзэмших эрхийг бас Монголын үндэсний компаниудад олгоно гэж бай­гаа. Товчхондоо, нэгдү­гээрт төр эзэмшинэ, хоёр­дугаарт, Мон­гол Улсын иргэн бүр хувь­цаа эзэмшинэ, гурав­дугаарт, Монголын үндэсний компаниуд хувьцаа эзэмших эрх авна. Монголын 35000 компанид бүгдэд нь оролцох боломжийг өгье. Яагаад 20 компани юм уу, 100 компани илүү эрх эдлэх ёстой  гэж. Ийм аль нэг бүлэг­лэл, хүмүүст бид онцгой эрх ол­гох­гүй. Бүгдэд тэгшхэн бо­ломж өгье. Сонгон шалгаруу­лал­тад оролцох тэгш эрх, хувьцаа худалдаж авах тэгш эрх олгоно. Дөрөвдүгээрт, Мон­голын төр, төрийн өмчийн оролцоотой компани нь төслөө удирдан зохион байгуулж, тө­сөл дээрээ үндэслээд үндэс­­ний аж үйлдвэрийн том цогцол­борыг бий болгох, нэмүү өрт­гийг бий болгох үндэс суурийг тавьж авна. Энэ ордоо түшиг­лэж үндэсний том корпорацийг бий болгоно. Иргэддээ хувь хишиг хүргэнэ, цалин нэмэг­дүүлнэ, тэтгэвэр нэмэгдүүлнэ, Улаан­баатарын утааг багас­гана, орон сууц эрчимтэй бари­на, төмөр зам барина гээд том том хөтөл­бөрүүдийг боловс­руулсан. Энэ том зорилтуудыг шийдвэр­лэхэд өнөөдөр бидэнд мөнгө хэрэгтэй байна. Мэдээж дан ганц Тавантолгойн төслөөс энэ бүх асуудлыг шийдэхгүй. Тэгэхдээ энэ төсөл нь урд явах зүтгүүр нь болох учиртай. Дээр хэлсэн зүйлээ дахин онцлон хэлмээр байна. Тавантолгойн төсөл бол Монгол Улс хөгжил­тэй, Монгол түмэн бүтээгч болох гараа юм даа.

-Бидэнд өнөөдөр мөнгө байхгүйгээс их олон юм болоод байна л даа?

-Байхгүй. Өөрсдөө дотроо нөөц бололцоо байхгүй учраас хөрөнгө оруулагчид хэрэгтэй. Гэхдээ хувьцаагаа зарахгүй, лицензээ арилжихгүй. 100 хувь Мон­голын эзэмшилдээ байл­гаад, нүүрсний тодорхой хэсэг дээр л та нар олборлолт явуул. Харин хугацаатай олборлолт шүү. Хувьцаа эзэмшүүлэхгүй, өгөх­гүй, зөвхөн та нар урьд­чил­гаа төлбөр төлнө, дээр нь нүүрс гаргах эрхийг хийхдээ транзит тээврийн асуудлыг шийднэ. Манайх далайд гарц­гүй орон. Энэ их нүүрсний нөөцийг бүг­дийг кокс болгоод, ган болгоод дийлэхгүй ш дээ. Барах ч үгүй. БНХАУ-ын их хүч­тэй өсөн хөг­жиж байгаа эдийн засаг, том зах зээл ха­жууд байна. ОХУ Зүүн хойд Азийн зах зээл дээр хам­гийн томоо­хон түүхий эдийн ний­лүүлэгч байсаар бай­гаа. Энэ гарцуудаа­раа дамжуу­лаад зүүн Ази руу гарах асар том болом­жийг тооцож бид төслийг хэрэг­жүүл­нэ. Дээр нь бид энэ асууд­лыг шийдэхдээ зөвхөн Таван­тол­гойн хэмжээнд биш улс орны хэмжээнд харах хэ­рэгтэй. Чөлөөт худалдааны хэлэл­цээрээр татваргүй гарга­даг болгох, гадаадад суралцаж буй Монголын оюутны тоог нэ­мэг­дүүлэх, хийн хоолойг Мон­голын нутгаар дамжуулж тавих зэрэг бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаанд оролцох зэрэг угтуулан тавих нөх­цөлүү­дийг хамт шийдэж, Монгол Улсынхаа өнөөдрийн бусад асуудалтай уялдуулж уг­туулж тавих бодлого барим­тална.

БҮС НУТГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ОРОЛЦОХ МОНГОЛ УЛСЫН СОНИРХЛЫГ ЯАГААД ТООЦОХ ЁСГҮЙ ГЭЖ

-35 мянган компанид тэгш боломж өгье гэж байна. Өмнө нь бол ганц хоёрхон ком­панийн гудамжинд л Мон­голын бүх баяр болж ирсэн. Тэд л төртэй партнёр болж ирсэн. Бусад нь бор зүрхээрээ л…?

-Шударга байх зарчим үйлч­лэх ёстой. Бүгдэд тэгш боломж олгож байж энэ зарчим биеллээ олно.

-Монголын зарим ком­пани төрд өөрсдийн са­налыг тавьж байгаа. Тэдний энэ зүтгэлд Засгийн газар яаж хандах юм бол. Нөгөө талдаа энэ төсөл дээр Бат­болд та ч алдах эрх байхгүй. Монгол Улс ч алдах эрх байхгүй. Үнэ­хээр төгс шийд­лийг олсон гэж үзэж байна уу?

-Долоо хэмжиж нэг огтол гэдэг үг бий. Засгийн газар бол долоо хэмжиж нэг огтолдог л газар. Монголын төрийн эрх ашиг хангагдаж байна уу, үгүй юу. Монголын ард түмний эрх ашиг шударгаар хангагдаж байна уу, үгүй юу. Бүх иргэ­дийн эрх ашиг, Монголын үн­дэс­ний компаниудын эрх ашиг шударгаар тэгш хангаг­даж байна уу, үгүй юу. Эдгээр амин чухал зүйлүүдийг бүгдийг нь жагсааж байгаад төрөөс эхлүү­лээд иргэн, тэгээд үндэсний ком­пани, гадаад хамтын ажил­лагаа гээд бүгдийг нь цогцоор нь авч үзэж боловсруулаад асуудлаа оруулж байгаа юм. Өөрсдөө бодож боловсруулаад Монгол Улсын эрх ашгийг хан­га­сан шийдвэр байна гэдэг саналаа Засгийн газар УИХ-д өргөн барьж байгаа юм. Үндэс­ний аюулгүй байдлын зөвлөлд оруулсан. ҮАБЗ-өөр орж дахин зарим асуудлыг нь сайжруул­сан. Ингээд дараагийн шат төрийн эрх барих дээд бай­гуул­лага болох УИХ руу оруу­лаад хэлэлцэж байна. УИХ, Засгийн газар энэ асуудлыг сайн болжээ гээд гаргах нэг асуудал. Асууж тунгааж, ярил­цаж ажлын хэсэг гаргаад хэ­лэл­цэж байгаад дутуу бодсон байна, энийгээ сайжруул, эс­вэл энийг нь ингэж өөрчилье гэж хэлж бас болно. Хэвийн зүйл. Засгийн газраас гарах ёстой эхний алхмыг бол сая бид хийлээ. Одоо дараагийн алхам буюу шийдвэр гаргах түвшинд УИХ руу очлоо. Үн­дэсний бүх аж ахуйн нэгжид бид адил боломж олгож байгаа гэдгийг бүх түвшинд хэлж бай­гаа. Сонгон шалгаруу­лал­тад оролцож болно, хувьцаа эзэм­шиж болно. Харин аль нэг хүн, бүлэглэлд онцгой эрх олгохгүй.

-Алдарт Тавантолгойн асуудлыг энэ удаа ингээд түр орхиё. Цаашдаа мэдээж бүгд л энэ сэдвээр ярина шүү дээ. Нэгэнт гүйцэтгэх засаг­лалын тэргүүнтэй уулзсаных асуу­маар юмнууд бас байна?

-Асууж бололгүй яахав. Тэр бүр хэвлэл мэдээл­лийн­хэн­тэй дэлгэрэнгүй байдлаар ярил­цаад байх цаг зав хомс байна. Олдсон дээр нь гэдэг таны зарчим зөв байх. Би ч бас яримаар бодог­дож байсан зүйлсээ яриад авахыг бодож байна.

-Цагдаа, хүчний байгуул­лагууд руу айхтар гар хөлөө дүрээд байдаггүй Ерөнхий сайдтай байгаа нь таалагдаж байгаа. Мөн иргэний хөдөл­гөөнийхнийг захиалаад янз бүрийн юманд хутгалдаад байдаггүй Ерөнхий сайдтай байгаа нь таалагдаж байна. Хэрүүл биш хөгжил тарьдаг Ерөнхий сайдтай байгаа нь гоё байна?

-Өө, баярлалаа. Харин дараагийн асуулт тань юу ирэх гээд л байна даа.

-Хүнд хүнд сэдвүүдээр ярилаа. Нөгөөтэйгүүр бид бие биедээ үнэн үгийг, сай­хан үгийг хэлэхдээ жаахан хойрго улс шүү дээ. Би энэ алдаагаа л залруулж байна?

-Тийм шүү. Цагдаа хүчний байгууллагуудад миний тань­даг мэддэг, эсвэл ойр дотнын гэмээр хүн байдаггүй л дээ. Иргэний нийгмийн хөдөлгөө­нийхөнтэй ч зүй бус ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Энэ талаас нь та судалсан болол­той юм. Нөгөө талаас иргэний нийгмийн байгууллагуудад айхтар харш ханддаг хүн би огт биш. Асуудал байгаа болоод л асуудлыг тавьж байгаа. Бид энэ үүднээс нь хүлээж авч сурмаар байгаа юм. АНУ-ын ерөнхийлөгч Билл Клинтон хэлсэн байдаг. “Шүүмжлэлийг ажил хэрэгчээр хүлээж авч сур. Хувь хүн дээрээ битгий тус­гаж авч бай” гэж. Англи дээ­рээ их гоё үг байдаг юм. Асуу­дал тавигдаж байна гэдгийг ажил хэрэгчээр л харах учир­тай. Би иргэний нийгмийн бай­гууллагуудтай уулзана гэж бодож байгаа. Засаг тунгалаг байх нь энэ улс оронд өнөөдөр амин дэм шиг хэрэгтэй. Тэр үүднээс болж өгвөл асуудал хөндөгдөж байгаа газар бол­гонд хүрч очих, харилцан ярил­цах, хамтран шийдэлд хүрэ­хийг эрмэлзэх болно.

ТОГЛООМЫН ДҮРЭМ ЗӨВ БАЙВАЛ ЗӨВ ШАЛГУУР, ЗӨВ ЗАРЧИМ ТОГТОНО

-Хууль, хүчний байгуул­лага танаас нэлээн хол сал­бар юм шиг. Энэ салбарын талаар танд ямар бодол байдаг бол?

-Ерөнхий сайдын хувьд хол салбар гэж байхгүй болдог юм байна. Аливаа асуудалд миний ханддаг хандлага бол тэр дарга хэр ажилтан бол гэдгээс илүү тэнд тогтсон эрх зүйн орчин, тэнд тогтсон тоглоомын дүрэм зөв байна уу гэдэг л чухал. Тог­лоомын дүрэм зөв байвал тэнд зөв шалгуур, зөв зарчим тогтсон гэсэн үг. Түүнээс биш аль намын хэн ажиллаж байна гэдэг надад чухал биш. Зарчим алдагдсан, тоглоомын дүрэм нь буруу бол аль ч салбарт ял­гаагүй хариуцлага тооцох ёс­той. Жишээ нь сая МИАТ дээр зарчим алдагдчихсан. Тийм учраас хариуцлага тоо­цох ёстой гэж үзсэн.

-МИАТ дээр болсон саяын үймээн дунд ямар нэгэн хэлмэгдүүлэлт явагд­чихаагүй биз дээ?

-Үгүй. Энд бол цэвэр төрийн эрх ашгийн үүднээс зарч­мын асуудлууд л шийдэгд­сэн.

-Төрийн нүүрэнд шавар үсэргээд байдаг зарим эмзэг салбар байдаг л даа. Жишээ нь гааль, мэргэжлийн хя­налт гэх мэт. Энэ удаа гаа­лийн байгууллагыг онцолж асуумаар байна. Хуучин бол бараан нэртэй газар байсан. Одоо нүүр нь нэлээн угааг­даж байх шиг байна. Та харин яаж харж байна?

-Би Засгийн газрын тэргүү­ний ажлыг аваад найм дахь сар­даа ажиллаж байна. Эхний нэг сард янз бүрээр дуудуулан байж бүх байгууллагаар очсон. Засгийн газрын харъяа бүх газ­раар очсон. Тэр дотроо гааль, мэргэжлийн хяналтын байгуул­лагаар зориуд очсон. Аль ч бай­гуул­лага дээр зарч­мын хэдхэн юм хэлж очсон юм. Та нарын үйл ажиллагаа сай­даар юм уу Ерөнхий сайдаар хэмжигдэхгүй шүү. Та нарын ажлын үр дүн иргэ­дээс, хэрэг­лэгчдээс, үйлч­лүү­лэгчээс ирж байгаа гомд­лоор хэмжигдэнэ шүү гэж. Тэд­нээс ирж байгаа гом­дол бага байвал тэр сал­барын ажиллагаа овойж, оцой­доггүй юм аа гэхэд харьцангуй болж байна гэсэн л үг. Тантай санал нэг байна. Гаалийн байгууллагын нэр дээр ирдэг гомдол санал багасч бай­на. Мэргэжлийн хяналтын ажил бизнесийн орчныг шинэтгэх жилийн хүрээнд гайгүй эхэлж байна. Байгууллагын үйл ажил­лагаа ойлгомжтой, нээлттэй, ил тод, хараат бус, хяналттай байж чадах юм бол аяндаа л тунга­лагшина. Манай нийгмийн нэг өвчин бол мэдээллийг дутуу өгдөг, хаалттай байдгаас болоод хардалтаар амьсгалдаг байдал. Магадгүй зарим газар хууль завхруулж байгаа янз бүрийн асуудал байна. Тэрийг дахиад хэлэхэд, тэрний худлаа үнэнийг нь шалгадаг, хэмждэг хэмжүүр бол шилэн хананд байгаа нээлт­тэй сайн засаглал. Тийм засаглалыг хангаж байгаа бай­гуул­лага хэл ам, чимээ шуугиа­наар бага л байх учир­тай. Тэр зарчмуудыг хангаж ча­дах­гүй байгаа газар нь авлига, хээл хахууль, хардлага сэрд­лэг гээд бүх юм байсаар л байх болно.

-Та бол хотын хүн. Орон нутагт засаглалын элдэв хям­ралууд газар авч байгаа бай­дал сонсогдож байгаа. Зарим аймагт өлсгөлөн зар­лаж, суулт болж байхад, за­рим Засаг дарга нь архи уугаад, өрөөсөн гутлыг нь нохой зуучихсан явж байх жишээтэй?

-Манай ард түмний 60-аад хувь нь хөдөө орон нутагт амь­дарч байна шүү дээ. Улаан­баатар хотод бол 40 гаруй хувь нь л амьдарч байна. Мэдээж хот руу ирж байгаа хөдөлгөөн нэмэгдэж байгаа ч сүүлийн үед хөдөө орон нутгаар явж байхад тэр хөдөлгөөн татарч байна. Гэхдээ орон нутгийн хөгжлийг дэмжсэн бодлогыг төр гаргах ёстой. Нэгдүгээрт, төвлөрлийг сааруулах ажил. Засаг захир­гааны эрх мэдлийг нь, төсвийн эрх мэдлийг нь, эдийн засгийн эрх мэдлийг нь орон нутагт шилжүүлнэ гэж байгаа. Эрхийг нь өгөөгүй байж үүрэг шаардах хэцүү. Гэхдээ эрхээ авчихаад ажил хийж чадахгүй бол ха­риуц­лага тооцно. Тэр орон нутгийн удирдлагуудыг ард иргэдээр  нь дүгнүүлнэ. Танай аймагт, су­манд ямар ажил яаж явагдаж байна, ямар үр дүн гарч байна. Ажлын байр хэдээр нэмэгдсэн. Өнөөдөр үндсэн төсвийн бод­логоор орон нутагт сур­гууль, цэцэрлэг, эмнэлэг ба­рихыг шийд­вэрлэх хэрэг бай­гаа юм уу, үгүй юм уу. За­рим засаг за­хир­гааны томил­гоо­нуудыг орон нутагт нь шилжүүлбэл яасан юм. Дээр нь төрөөс дэмжих ёстой бүс­чил­сэн хөгжилөө тодорхой болгож аж үйлд­вэрийнхээ паркуудыг, хөдөө аж ахуй орон нутгийг хөгжүүлэх бодлогыг бодитой болгоно.

-Бусад ёс зүйн асуудал нь жижиг хэрэг гэж үү?

-Бүх газарт зүй тогтол нь, зарчим нь, тоглоомын дүрэм нь тодорхой байх ёстой. Тэр зарчмуудыг, тэр стандар­туу­дыг тогтоох гэж л бид ажиллаж байна. Мэдээж ёс зүй чухал байлгүй яахав. Ёс зүй бол хүний нийгмийн тулгуур зар­чим. Бид ёс зүйгүй юманд дасах учиргүй. Харин засах ёстой.

-Тийм ээ. Одоо өөр зүйл рүү оръё. Улстөрчид хэвлэл мэдээллийн байгууллагад өөрсдийн эрх мэдлийг тог­тоос­ноор салбарын нийт хөгжилд гай түйтгэр учруулж байна. Таныг ч гэсэн зарим нэг сонинтой хардаж байгаа дуулдах юм. Энэ талаар юу хэлэх бол?

-Надад телевиз, сонин, радио, FM-ийн аль аль нь байх­гүй. Энийг би хариуцлагатай хэлнэ. Харин олон сайхан сэт­гүүлч­тэй хүний ёсны сайхан харилцаатай явдгаа нуухгүй. Хүний ёсны харилцаа бол амьдралын сайн сайхан зүйл­сийн л нэг.  Түүнээс биш өөрөө ч юм уу, эсвэл өрөөл бусдаар дамжуулж хэвлэл мэдээллийн салбарт хутгалдаж явсангүй. Надад тэгэх шаардлага байх­гүй. Шаардлагатай асуудлаар шаардлагатай үед нь байр сууриа илэрхийлээд л явдаг. Бүгдийн өмнө ийм бололцоог нээлттэй байгаа байх гэж бодож байна. Харин сэтгүүл зүйн сал­барын хөгжилд төрөөс шалт­гаалах бүхнийг хийх ёстой гэж үздэг. Салбарынх нь эрх зүйн орчин тодорхой биш байна. Мэ­дээлэл авах эрх нь батал­гаа­жаа­гүй, хууль нь гараагүй байж байх жишээтэй. Үүний төлөө ажиллана. Сэтгүүл зүй өөрөө хүнлэг байх ёстой. Ёс зүйтэй, зар­чимтай, шударга байх ёстой гэдгийг хэлүүлэлт­гүй та бүхэн маань тогоон дотроо ярьцгааж байгаа байх. Хүнлэг, шударга, ёс зүйтэй сэтгүүл зүй л энэ нийгмийг жолоодно шүү дээ. Энэ тогоонд зарчим алдагд­вал гарах муу үр дагавар нь асар их гэдгийг тооцох ёстой.

-Таныг шүүмжлээд бай­гаа сонин байхгүй байна. Энгийн хэллэгээр гөвөөд байгаа телевиз ч алга. Гэх­дээ алдаа гаргавал шүүмж­­лүүлэхэд бэлэн биз дээ?

-Би бол ер нь хамгийн их шүүмжлүүлсэн хүмүүсийн нэг бай х л даа. Үнэнээр явахад үхэр тэргээр туулай гүйцнэ гэж үг бий. Гүтгэлэг, мушгин гуй­вуу­лалт, шударга бус хандлага л бага байгаасай гэж бодож байна. Гэхдээ эрүүл саруул, зөв шүүмжлэлийг үргэлж хүлээж авдаг.

МАХН-ЫН ДАРГЫН АЛБА БОЛ ТОМ БУУХИА


-Нам бол том айл. Ялан­гуяа МАХН бол том ч айл, хэцүү ч айл. С.Батболдын үед энэ намд яг бодитой ямар өөрчлөлт гарах бол?

-МАХН Монгол Улсын хам­гийн ууган улс төрийн хүчин. МАХН бол Монгол Улсын тус­гаар тогтнолын баталгаа.

-МАХН уу?

-Тийм. Би ямар ч хилс дүгнэлт хэлээгүй гэж бодож байна. Монгол улсын шинэч­лэлийн хамгийн том хөшүүрэг. Уламжлал шинэчлэл хоёрын хослол бол энэ нам. Ерөөсөө өчигдөр, өнөөдөр, маргааш нь хамт байдгаараа энэ намын давуу том тал нь. Энэ давуу талыг нь энэ нам цаашид авч явах ёстой гэж боддог. Энэ намын даргын шалгуур гэдэг бол өндөр шалгуур. Тэр өндөр шалгуурт би тэнцэж ажиллах ёстой. Намын хамт олон, намын даргаар ажиллаж бай­сан удирдлагууд итгэж намайг энэ албанд тавьсан. Энэ намын даргын алба бол том буухиа. Манай аль ч үеийн дар­га нар энэ буухиаг их өндөрт авч явж байсан. Их өндөр хурдтай, их өндөр чадвартай, их өндөр түвшинд авч явж байсан. Энэ буухиаг би буулгах эрхгүй. Тийм учраас би үүний төлөө зүтгэнэ. Энэ буухиаг эрч хүчээр, уламж­­лалаар, шинэч­лэлээр хослуулж ажиллана. Би намын ажил руу цаашид гүнз­гий оръё гэж бодож байгаа. Бүтцээр нь, үйл ажиллагаагаар нь, бүр цаашилбал үзэл ба­римт­лал руу нь хүртэл гүнзгий орно.

-Хөгжлийн тухай том бод­­лого тээгчээс намын тухай яриа сонсоод суусан чинь надад бол их сонин санагдаж байна л даа?

-Юу нь тийм сонин байгаа юм бол. Намын даргаас намын ажлыг асууж байна гэж ойлго­сон шүү дээ.

-Тийм ээ, тийм. Намын нэрийг баастаж байгаа ха­риуц­лагагүй албан тушаалт­нуудад танай нам яаж ха­риуц­­лага тооц­дог вэ. Энэ та­лаар та үнэхээр хатуу байж ча­дах уу. Намын нэрээр то­мил­гоонд орчихоод сал­барын ажлыг хайр найргүй хөсөр хаяж бай­гаа нөхдүүд хэдэн арваараа байна шүү дээ?

-Намын нэрээр томилогд­сон хүмүүстэй хариуцлага тоо­цох асуудлыг бид хатуу ярих ёстой. Гэхдээ тэр орчин нь өөрөө булингартай орчин бай­на уу, тунгалаг орчин байна уу гэдгийг төр өөрөө хэлбэр­чилж өгсөн. Хяналтгүй, хаалт­тай, засаглал муутай орчинд бол хэн ч очсон бохирдоно. Тэ­гэ­хээр тэр орчин буюу сис­темийг нь янзлах ажлыг л би нэгдүгээр ажил гэж бодож байгаа. Энэ цаг хугацаа шаард­сан ажил уу гэвэл мөн. Алдаа гаргаад бай­гаа нөхдүүдтэй хатуу хариуц­лага тооцох болно.

-Намд хуучин гавьяа­гаараа ялархдаг, туньж бай­гаад, эсвэл сүрдүүлж бай­гаад албан тушаал авдаг хачин улс олон байдаг. Та­най намд бол бүр их бий. Одоо арай гайгүй болж бай­гаа юу, эсвэл хэвээр үү?

-Гайгүй дээ. Би гэнэт саран дээрээс буугаад ирсэн биш намын нөхдүүдээ бас мэднэ. Туршлагатай, улс төрийн хат­тай, зөв хандлагатай, мэдлэг боловс­рол өндөртэй олон зуун боловсон хүчин бий. Гагцхүү тухайн болов­сон хүчнийг яг байх ёстой тэр орон зайд нь тавьж ажиллуулах л хэрэгтэй. Энэ тал дээр алдаа гаргаснаас олон зүйл шалтгаал­даг гэж би үздэг.

-Тантай уулзахаасаа өм­нө Хархорин захаар орлоо. Тэнд байсан  өвгөнтийн хөн­дий байхгүй болчихож?

-Хаашаа.

-Хотын дарга тэднийг өөр аргаар явуулсан байна. Оронд нь сайхан гэгээлэг орчин үүсчээ. Цөөрөм, хөг­жимт усан оргилуур, модод, модон гүүр гээд л?

-Тийм үү.

-Сайхан мэдээ байгаа биз?

-Маш сайхан мэдээ байна.

-Хотыг инженер хүн удир­­­даж байгаагийн илрэл юм даа. Хүнийг байх ёстой, зөв орон зайд нь тохоон томилж чадвал бүтээмж гар­даг гэсэн таны санаанаас бо­лоод энэ тухай ярьчих­лаа?

-Би түрүүнд хэлсэн. Ор­чинг нь янзлах ёстой гэж. Өвгөнтийн хөндийн орчинг янзлахад тэр орчин ямар гай­халтай болж байгаатай адил­хан тэр томилгоонуудын цаана ажиллах эрх зүйн орчныг, тэр шалгууруудыг нь өөрчлөөд тавихад л аяндаа гэгээлэг, тунгалаг орчин үүснэ. Та сай­хан мэдээ тээж ирсэн байна. Дараа очиж үзнэ ээ.

МИНИЙ АМЬДРАЛДАА ХИЙСЭН ХАМГИЙН ЧУХАЛ ЗӨВ СОНГОЛТ БОЛ МИНИЙ ГЭРГИЙ

-Төрийн хүмүүсийнхээ хувийн амьдрал, хувийн мэдээллүүдийг ямагт сонир­хож байдаг нь аль ч нийг­мийн араншин байх. Бат­болдынх залуу гэр бүл. Тэг­сэн атлаа олон хүүхэдтэй гээд л… бидний мэддэг ба­римтууд бий л дээ. Гэхдээ одоо таны гэргийг илүү со­нирхож байх шиг. Энэ бол угаасаа л дэлхий нийтэд бай­даг, бараг жам шахуу со­нир­хол юм. Та ойлгож байгаа байх. Хувийн амьд­ралын­хаа талаар манай ун­шигч­дад дэлгэрэнгүй сайхан ярьж өгвөл бид их баяр­лана?

-Хүн амьдралдаа нэг их олон удаа сонголт хийдэггүй юм байна. Ажил мэргэжлээ сон­­гоно. Амьдралын ханиа сон­гоно. Ухамсартайгаар хий­дэг хамгийн том сонголт бол хүн ханиа сонгох байдаг юм бай­на. Би ханьтайгаа учраад нэг мэдсэн 20-оод жил бол­чихож.

-Та хоёр хаана танилцсан юм бэ?

-Би эхнэрээ хамгийн анх 1989 онд харсан. Гадаад ху­дал­дааны яаманд ажиллаж байсан юм. Ялалт кино театр чинь манай өндөр яамны өөдөөс харсан байрлалтай, нэг өдөр би найзтайгаа цайны цагаар гарч энэ хоёрын хоо­ронд алхаж байхдаа нүд булаа­сан хөөрхөн бүсгүй Лениний музейн тийш явж байхыг хар­сан. Цайны цаг байсан боло­хоор нөгөө бүсгүйн араас хоёулаа алхчихсан. Залуу ч байж дээ. Тэр үед хот одоо­гийнх шиг машин тэрэг чихэлд­сэн, дуу чимээ ихтэй байсан биш. Хүмүүс их алхдаг байсан. Жаахан алхаж яваад нөгөө бүсгүйгээ алдчихдаг байгаа. Хожим мэдэх нь ээ Лениний музейн хажууд ахынх нь байр байсан юм билээ.

-Өө, бүтэлгүй гэдэг нь?

-Тэгээд ямар гар утас, мессеж энэ тэр гэж ч байсан биш. Тэгж байгаад 1989 оны наймдугаар сард би Англид сургуульд явчихсан юм. Хоёр жил яваад 1991 онд ирсэн. “Алтай трейдинг” компаниа байгуулаад Ленин клубт нэг өрөө аваад ажлаа эхлүүлж байлаа. Тэнд мөн Жамъян­дагва гуайн балетийн хэсэг байрлаж үйл ажиллагаагаа явуулдаг байсан юм билээ. Тэгээд манай хүн балетчин найзууд дээрээ ирдэг байж л дээ. Ер нь тэр үеэс л балетийг их дэмжиж, тэдний нарын тоглолтонд өөрийн зүгээс хувь нэмрээ оруулж байсан юм билээ. Ингээд хувь заяа на­майг дахин нөгөө бүсгүйтэй учруулсан. Тэнд дахин хар­чихаад шууд халдаж очоод танилцаж чаддаггүй ээ. Найзы­гаа нэр усыг нь мэдээд ир гээд явууллаа. Тэгсэн чинь манай хүн нэрээ Гэрлээ гээд худлаа хэлээд явуулчихсан байсан. Ингээд л “Гэрлээ” гэдэг хөөр­хөн хүүхнийг хардаг болсон доо. (инээв). Миний хань тэр үедээ говийн ноолуурын сэтгүүлийн нүүрэн дээр зураг нь тавигддаг их л гоё бүсгүй байсан шүү дээ. Наддаа одоо ч гоё сайхан хэвээрээ. Миний хань өндөр боловсрол­той, юм их уншдаг, урлаг, спор­тод авъяастай, вкус их сайтай, юмны өнгө дизайн, аливаа юмны донжийг нь олох­доо гар­гуун. Эмэгтэй хүнийхээ хувьд, эх хүниийхээ хувьд, хамтран зүтгэгчийнхээ хувьд, ханийн хувьд үнэхээр гайхал­тай эмэг­тэй. Миний амьдрал­даа хийсэн хамгийн чухал зөв сонголт миний хань юм даа. Би өөрий­гөө их азтай эр хүн гэж боддог.

-Монгол эрчүүд эхнэ­рийн­хээ талаар ярихдаа их харам байдаг. Эхнэрээ магт­сан болчихно гээд л?

-Харин тийм, эхнэрээ магт­сан хүн юу юу ч билээ, нэг үг байдаг. Энийг хэн хэзээ, юу бодож гаргасан үг юм, бүү мэд. Миний хувьд бол эхнэрээ маг­таад байгаа юм биш. Байгаа юмыг байгаагаар нь л ярьж байна. Ер нь ханиа магтлаа гээд юу нь буруутахав дээ.

-Айлын гэргийн нүднээс эр нөхрийнх нь хэн болохыг уншиж болдог. Таны эхнэ­рээс өөрийнхөө дуртай юмыг хийж байгаа, аз жар­галтай эмэгтэйн сэтгэл дүү­рэн дүр төрх харагдаж бай­на. Тэр саяхан урлагийг дэм­жих “Төгөлдөр” сан бай­гуул­сан. Та энэ ажлыг нь хэр сайн дэмжиж байна?

-Дэмжилгүй яахав. Чад­лынхаа хэрээр дэмжиж байгаа. Манай хүн бол урлагийн өндөр боловсролтой, урлагт чин сэт­гэ­лээсээ хайртай хүн. Үүний­хээ төлөө өөрийнхөө хийе гэс­нээ эхлүүлээд явж байгаа.  Өөрийнхөө чаддаг, сонирхдог, мэддэг зүйлээрээ Мон­голын­хоо түүх соёл, зан заншил, ор­чин үеийн урлагийг дэмжих үйл­сэд хувь нэмэр оруулах гээд зүтгэж байхад нь би хань нөх­рийнх нь хувьд дэмжих ёстой. Бас манай хүн нийгмийн ха­лам­жийн чиглэлээр ажил­лахаар төлөвлөж байгаа. Одоо нэг үеэ бодвол хүүхдүүд маань өсөөд овоо болж байна. Сургууль соёлдоо зүгшрээд явж байна. Энэ үеэр жаахан цаг зав өөртөө гаргаж, өөрийн дур­тай ажлаа хийж эхлүүлж бай­гаад нь би баяртай байгаа. Энэ бүсгүй зөв­хөн Батболд, Бат­болдын хүүх­дүүдийн төлөө хан­галт­тай ихийг зориулж байгаа. Ар гэрийнхээ ажлыг ч бүрэн үүрч байгаа. Одоо өөрийн дуртай, хүссэн ажлаа хийг гээд би их дэмжиж урам зориг өгч байгаа.

-Гоё үг байна. Энгийн нэг гоё үг биш сэтгэл хөдөлмөөр үг юм?

-Үнэн шүү дээ. Нэг хүний бүхэл бүтэн амьдралыг би өөртөө, өөрийнхөө хүүхдүүдэд зориулуулна гэдэг хатуу явдал биш гэж үү. Түүний маань са­наач­лан байгуулсан “Төгөл­дөр” сангийнх нь эхний хоёр ажил маш сайн болсон.

-Таны хүүхдүүд ямар мэргэжлээр сурч байна вэ?

-Манайх таван хүүхэдтэй. Том хүү маань Чикагогийн их сургууль төгсөөд, Америкийн банкинд ажиллаж байгаа. Хоёр дахь хүү Лондонд бизнесийн чиглэлээр суралцаж байгаа. Гурван бага маань Монголдоо сурч байна даа. Манайх гэж ийм нэг бужигналдсан айл байдаг. Хүүхдүүд маань бидний аз жаргал.

-Баярлалаа. Цаг зав гар­гаж манай уншигчидтай уулз­­лаа. Дараа дахин уулз­талаа танд амжилт хүсье?

-Танд ч бас сайн сайхныг хүсье.

Бороо шившин орсон сай­хан өдөр ийнхүү хүүрнэлдлээ. Зарим хүн том дарга болон­гуу­таа хоолойгоо шахаад л,  цэргүүдээ загнаад л,, дуугарч ядсан, алхаж ядсан, төрөл арилжсан амьтан болчихсон байдаг л даа. Яагаад ч юм би хүнийхээ хувьд ийм юмнуудыг тэвчиж чаддаггүй. Тийм боло­хоор энэ удаа түүнийг асууж шалахаасаа илүү ажиглаж, өөрийнхөө дотоод асуултад хариу олох гэж хичээсэн байж магад. (Тэртээ тэргүй ингэх цаг зөндөө олдоно)
Сү.Батболд гэх энэ эрх­мийг таньдаг болоод даруй олон жил өнгөрчээ. Тэр урьдын­­­хаараа хэвээрээ байна.

Өнөөдөр монголчуудад бараг бүх талаасаа “ун­шуулж” буй энэ хүн ярил­цагчийн хувьд дөлгөөхөн, асуул­­тыг хамгийн тогтуун, гэрэл гэгээтэй та­лаас нь хүлээн авч  өөрийн хариултаа ултайхан өгөхийг хичээдэг хүн. Энэ нь ч өөрт нь зохидог. Миний ярилцлагын зарим баа­тар шууд л галлаж, шазруун хариултуудаар шүр­шиж бай­даг бол тэр огт өөр. Хоёр­дугаарт, хамтарсан за­саг тэр­гүүлж байгаа Ерөнхий сайд хүний амнаас айхтар хур­цад­мал, асуудлыг хагалж яр­гаж шидсэн байр суурь тэртээ тэргүй гарахгүй гэд­гийг ун­шиг­чид маань тооцно биз ээ….