Дэлхийн шилдэг технологийг оруулж ирээд, төслөө өөрсдөө гардан гүйцэтгэж байгаа гэдгээрээ энэ компанийг удирдаж байгаа хүний хувьд үнэхээр бахархаж байгаа

Намайг “Ярилцлагын” Ганчимэг гэж овоглох болсоор уджээ. Үнэхээр сэтгүүл зүйн энэ адармаатай төрөл дээр дагнан ажилласаар олон жилийг ардаа орхисон байна. Би өөрийн хөтөлдөг “Ярилцъя” буландаа энэ улсын бараг бүх алдар цуутнууд хийгээд адал явдалд оролцогч цаг үеийн бүх хүмүүсийг урьж ярилцсан. Гэхдээ бизнесийнхнээс жаахан дөлсөн байдаг. Бизнесийнхэн бол нийгмийн баялаг бүтээгчид атлаа гаднаасаа янз бүрээр харагдаж, хэлэгдэж, дүгнэгдэж явдаг сонин хүмүүс. Энэ үүднээсээ дотроо олон ангилалтай.  Миний өнөөдрийн зочин биенесийн салбарын дээд зэрэглэлийн тоглогчдын нэг байлаа. Өнөөдөр монголд өөртөө эд баялагтай, олон компанитай, хэмжээ хязгааргүй хөрөнгө зоорьтой хүмүүсийг том зиндааны бизнесмен гэж хардаг нэг гажиг ойлголт яваад байх шиг санагддаг. Тэгвэл би өөрийнхөө олсон боловсрол, хуримтлуулсан туршлага, эзэмшсэн мэдлэг чадвараар үнэлэгдэн үндэсний хэмжээний энэ том компанийг удирдан ажиллах урилгыг хүлээж аван, сэтгэл хоёргүй зүтгэж яваа нэгэн сайхан эрхэмтэй уулзаж ярилцлаа. Энгийн атлаа жинтэй, ухаалаг, бас илэн далангүй байр суурь түүнийх байв. Хамгийн их баярласан зүйл АПУ компанийн гүйцэтгэх захирал хаа сайгүй тааралдаж дотор эвгүйцүүлж байдаг зулгуй амьтдын нэг  биш байсан нь юм. Ийм хүмүүст итгэж болдог. АПУ-ийн ажил өөдтэй яваа нь, АПУ-ийн бүтээгдэхүүнүүд чанартай байгаа нь, АПУ-д хүмүүс итгэдэг нь энэ айлыг ийм хүмүүс авч яваад байдаг байж болох юм. Ингээд та бүхнийг зочинтойгоо уулзуулъя.  

-АПУ бол манай хэрэглэгчидтэй хамгийн олон жил хамт явж байгаа ууган үйлдвэр. Энэхүү үнэ цэнэтэй харилцаан дээр суурилсан “Үндэсний манлай үйлдвэр” гэсэн ерөнхий том нэр хүнд манай зах зээл дээр ноёрхож байдаг. Харин энэ айлыг хэн гэдэг ямар захирал авч явж байгаа юм бол. Би яриагаа эндээс л эхлэмээр байна?
-Баярлалаа. Намайг Цэвээнжавын Эрдэнэбилэг гэдэг. АПУ компанид дөрөв дэх жилдээ ажиллаж байна. Сүүлийн хоёр жилд нь компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа. АПУ бол монголын хүнсний үйлдвэрийн ууган үйлдвэр. Хүнсний шингэн үйлдвэрийн төрлөөр хамгийн олон жил үйл ажиллагаа явуулж байгаа компани гэдгийг та бүхэн мэднэ. Миний хувьд бол  хуучин үйлдвэрлэлийн менежментийн чиглэлээр ажиллаж ирсэн. Үйлдвэр худалдааны “Говь” хувьцаат компаниас авахуулаад хивсний салбарт  улсдаа тэргүүн байранд явж байдаг “Эрдэнэт” үйлдвэрт долоон жил ерөнхий захирлаар нь ажилласан ийм хүн л дээ. Нэг талаас үйлдвэрлэлийн менежмент талдаа нэлээд  туршлагажиж байгаа боловсон хүчин гэж ойлгож болох юм. Ер нь бол энгийн утгаар тайлбарлахад аливаа компанийн гүйцэтгэх захирал гэдэг хүн тэр газрын хамгийн гол ажлыг явуулж байдаг, тэр айлын ажлыг урагшлуулж байх үүрэгтэй хүн байдаг л даа. Надад энэ ажлыг хийх саналыг манай компанийн төлөөлөн удирдах зөвлөл  гурван жилийн өмнө тавьсан. Энэ хугацаанд компанийн засаглалыг сайжруулах чиглэлээр голлон анхаарч ажиллалаа. Зөвхөн ганц тоног төхөөөрөмж биш, технологи биш гол нь хүний хөгжил гэдэг зүйл дээр анхаарч ажиллах нь гүйцэтгэх захирлын үүрэг гэж би үздэг. Аль болох монголын хамгийн сайн боловсон хүчний багийг бүрдүүлэх, түүнийхээ үр дүнд бүтээмжээ  дээшлүүлэх л чухал. Яаж бид хамгийн сайн бүтээгдэхүүнийг гаргах вэ. Яаж зөвхөн монгол биш дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвартай болох вэ гэж л хүчээ дайчлан ажиллаж байна даа.

-АПУ компани одоо 85 настай. Хамгийн анх яг ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан юм бол?
-85 жил гэдэг бол урт хугацаа. Монголын шингэн хүнсний хамгийн анхны үйлдвэр өнөөдөр энэ хэмжээний хугацааг туулан үйлдвэрлэлээ явуулсаар ирсэн нь бид бүхний бахархал. Гэхдээ монголын ард түмний зан заншил дотор явж ирсэн энэ төрлийн үйлдвэрлэлийг 85 жилээр хязгаарлаж болохгүй л дээ. Монголчууд түүхэндээ өөрөө өөрсдөө үйлдвэрлэгч  ард түмэн байсан шүү дээ.

-Тэгэлгүй яахав. Шимийн архинаасаа эхлээд л явчих байх?
-Ажилсаг, өөрсдөө үйлдвэрлэгч ард түмэн байсан гэдгээ бид ямагт санаж явах ёстой. Өмнөх асуултын тухайд 85 жилийн өмнө анх монголд шар айраг үйлдвэрлэж эхэлсэн түүхтэй. Яг орчин үеийн шингэн хүнсний үйлдвэрлэлийн он тоолол эндээс тоологдож байгаа. Энэ түүх мэдээж АПУ компанийн үүсэл хөгжилтэй холбоотой нь ойлгомжтой.

-Орос ах нарын тусламжтай л эхлүүлж байсан байх даа?
-Чехийн технологи анх орж ирсэн юм билээ. Одоо манай үйлдвэрт тодорхой түүхэн зураг энэ тэр нь бол бүгд байдаг л даа. Мэдээж шар айргийг үйлдвэрлэхэд маш олон процессууд явагддаг. Чанах, эсгэхээс авахуулаад. Үүнийг бол манайхан тэр үед хийж л байсан байдаг. Газар доогуур хөргөлтийн зоорь хийж байж механик үйдвэрийг анх нээж байсан гээд яривал их түүх бий. Цаашаа мэдээж хөгжөөд явсан ч тэр үед автомат гэдэг ойлголт бол бага байсан нь ойлгомжтой шүү дээ. Гэхдээ л тухайн үеийн автоматжсан үйлдвэрлэлийн эхлэлийг тавьж чадсан. Дараагийн нэн шинэ үеийн эхлэл яах аргагүй 2002 он. 2002 онд манай АПУ компанийн бас нэгэн түүхэн үе эхэлсэн. Төрийн байсан хувьцааг хувьчилсанаар АПУ компани 100% төрийн оролцоогүй хувь нийлүүлэгчтэй үйлдвэр болсон. Энэ үеэс эхэлж үйлдвэрийн үйл ажиллагааг тэр чигт нь шинэчлэх, тоног төхөөрөмжийг нь өөрчлөх, технологийг бүхэлд нь шинэчлэх үе эхэлсэн. Мөн олон жил үйлдвэрт өөрсдийн хүчээ зориулж ирсэн боловсон хүчнийхээ чанар чансааг бас нэг өөр шатанд гаргаж ирэхээс өгсүүлээд олон шаардлага тулгарсан. Энэ шаардлагын дагуу нэлээн эрчтэй ажиллагаанууд явагдсан. Бүхэлд нь дүгнэж хэлэхэд өнгөрсөн найман жилийн хугацаанд АПУ компанийн хувьд тэр чигтээ хувьсгал хийгдсэн он жилүүд байсан гэж хэлж болно.

-Хувьчлалаас өмнө орж ирж байснаа санаж байна. Хувьчлалын үеэр ч ирж байсан. Мөн хувьчлалын дараахан ч орж ирж байсан. Сая тантай явж үзэж байхад үнэхээр цоо шинэ үйлдвэр бий болжээ. Танихын аргагүй шинэчлэгдсэн байна. Энэ хэмжээний шинэчлэлийн ард мэдээж асар том хөрөнгө оруулалтын тухай ойлголт байгаа?
-Хөрөнгө оруулалтын нэгэн том үе маань өнгөрсөн жилээр дуусч, дараагийн үе рүүгээ ороод явж байна. Дахин бид нар тоног төхөөрөмжөө шинэчлэх, технологоо шинэчлэх хөрөнгө оруулалтын ажлуудыг эхэллээ. Та сая явж үзлээ. Ажил ид явж байна. Хамгийн сайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийн тулд хамгийн сайн тоног төхөөрөмж, хамгийн шилдэг технологийг нэвтрүүлэх чухал. Нөгөө нэг том тулгын чулуу хүний нөөцийн асуудал. Хүнээ хөгжүүлэх тал дээр бид дахин хувьсгал хийж байгаа гэж хэлж болно. Боловсон хүчний хөгжил технологийн хөгжил хоёр зэрэг явж байж бид орчин цагийнхаа хэрэглэгчдийн хэрэглээтэй хөл нийлнэ. Энэ гурван холбооны аль нь хоцорч болохгүй. Тийм учраас бид өөрсөддөө нэлээн өндөр шаардлага тавьж ажилладаг.

-Ахиад л том өргөтгөл хийгдэж байх шиг байна. Зөвхөн энэ онд хийгдэж буй хөрөнгө оруулалтынхаа хэмжээг хэлж болох уу?
-Энэ оны хувьд бол 25 сая орчим долларын хөрөнгө оруулалт хийгээд, шар  айрагныхаа үйлдвэрлэлийн хүчин чадлыг өргөтгөж байна.

-Шар айрагны үйлдвэрлэлдээ ийм том хөрөнгө оруулалт хийж байгаа нь тодорхой тооцоо судалгааны улмаас хийгдэж байгаа ажил байх. Дэлгэрүүлбэл ?
-Монголын зах зээл дээр бас нэг онгорхой орон зай байгаа юм аа. Тэр онгорхой бол бидний гадны импортын шар айрганд алдаж байгаа зах зээл. Тийм учраас бид шар айрагны үйлдвэрлэлдээ шинэ технологи оруулж ирж байна. Та сая харлаа. Одоо хөнгөн цагаан савлагаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүрэн автомат тоног төхөөрөмжийг оруулж ирж суурилуулаад дуусч байгааг. Бид энэхүү тоног  төхөөрөмжийг оруулж ирснээрээ гадныханд алдаж байгаа тэр онгорхойг нөхөхийн төлөө ажиллах бололцоотой болж байгаа юм. Энэ төслийг цэвэр АПУ компанийн инженер техникийн ажилчид удирдаж хийж байгаа гэдгийг би онцлон хэлэхийг хүсч байна. Дэлхийд энэ чиглэлээр хамгийн сайн гэгдэж байгаа шилдэг технологийг монголд оруулж ирээд, төслөө өөрсдөө гардан гүйцэтгэж байгаа гэдгээр энэ компанийг удирдаж байгаа хүний хувьд үнэхээр бахархаж байгаа.

-Таны хариултан дотор боловсон хүчний чанарт үндсэндээ шинэчлэл хийлээ, хүний нөөцийн хувьд шинэ шатанд гарсан гэсэн тодорхойлолт гарч ирж байна. Энэ үнэхээр таатай сайхан сонсогдож байна. Яагаад гэвэл бид аливаа том технологи оруулж ирэхээрээ заавал гадны тархи авчирч хөлсөөр ажиллуулдаг. Өөрсөддөө үл итгэдэг, үндэснийхээ тархинд сэтгэл ханамжгүй байдаг явдал түгээмэл бий. Танаас бол энэ талаар огт өөр үнэр ханхалж байна. Танай боловсон хүчин үнэхээр гаднынхныг гуйхгүй хэмжээнд хүрч чадсан уу?
-Тэгэхээр АПУ компанийн нэг том баялаг бол манай ажилтан, мэргэжилтнүүд. Энэ компанийн хамт олон. Яагаад бид 85 жилийн түүхтэйгээрээ бахархдаг вэ. Айл гэрт хоёр багана байдаг. Манай нэг том багана бол хамт олон маань. Хүнийнх нь өнөөдрийн хүрч чадсан хөгжил, олон жил ажиллачихсан туршлага нь өөрөө баялаг юм. Нөгөөтэйгүүр дэлхийн шилдэг технологийг манай инженер техникийн ажилтнууд өөрсдөө сураад, өөрсдөө том төслүүдээ хэрэгжүүлээд явж байна гэдэг ганц АПУ-д ч биш монголд хамгийн хэрэгтэй ахиц юм. Үндэснийхээ боловсон хүчнийг сайжруулах асуудал өнөөдөр монголын өөрийнх нь асуудал болохоор би ингэж хэлж байна. Бид сүүлийн үед их л ярьдаг болсон. Их ярьж байгаагаар маань бас улс орон тэгтэл ахицтай урагшлахгүй байна гэж хэн хүнгүй шүүмжилцгээдэг. Тэгэхээр ярих биш хамгийн гол нь хийх, амьдрал дээр хэрэгжүүлэх л хэрэгтэй юм л даа. Ер нь ихэнх компаниуд гадны менежментийг авах, гадны хүчийг шууд оруулж ирж ажиллуулах сонирхолтой байдаг л даа. Энэ бол эхний үедээ ашигтай шийдвэр байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ нөгөө талдаа бол бидэнд нийгмийн хариуцлага гэж байх ёстой. Өнөөдөр монголд байгаа хөрөнгө оруулалтыг аль болох монголынхоо компаниудад, монгол хүн рүүгээ чиглүүлэх бодлогыг бид тууштай барьж байгаа. Магадгүй эхэн хүнд үедээ хүндрэлтэй байхыг үгүйсгэхгүй байна. Гэвч тодорхой цаг хугацааны дараа ажлыг маань хам хум хийсэн болоод гараад явчихсан гадны ажиллах хүч биш, юмаа сурсан, туршлага хуримтлуулж үлдсэн, өөрсдөө ард нь гарч чаддаг болсон үндэсний боловсон хүчин монголын баялаг, монголын бахархал болон үлдэнэ шүү дээ. АПУ энэ бодлогоороо магадгүй чамбай санаатай айл байж мэдэх юм.

-Гадаадад төгссөн инженерүүдийг ажилд түлхүү авч байна уу, дотооддоо боловсон хүчнээ бэлтгэж байна уу. АПУ-д ажилд ороход хэцүү гэж дуулддаг. Бас л нөгөө арын хаалганы тухай ойлголт байдаг юм биш биз дээ. Та жишээ нь боловсон хүчнээ ямар шалгуураар сонгодог вэ. Танайд халаа сэлгээ хэр явагддаг бол? 
-Наадах чинь маш том асуудал. Үндсэндээ манай 40-өөс дээш настай боловсон хүчнүүд бол социолизмын үед бэлтгэгдсэн боловсон хүчин шүү дээ. Ялангуяа үйлдвэрийн салбарт бол сүүлийн 20 жил боловсон хүчин бэлтгэлтээр сул байсан. Тэр үүднээсээ 40 гарч байгаа 50-иад настай хүмүүс ажиллах хүчний өндөр хувийг эзэлдэг. Дараагийн үе гарч ирэхэд бас нэг тийм зааг гарсан гэж хэлж болно л доо. Энэ бол ганц АПУ- д ч биш ер нь монголын бүх үйлдвэрлэгчдийн нэг том асуудал. Одоо бол харьцангуй үйлдвэрлэлийн салбарт нарийн мэргэжлийн чиглэлээр сурах оюутнуудын тоо ихэсч байна. Ялангуяа гадаадад сурч байгаа оюутнуудын тоо энэ чиглэл рүүгээ арай өсч байгаа. Хувийн ч бай, хувьсгалын салбарт ар өврийн хаалгаар хүмүүсээ авдаг гэх ойлголт одоо болтол манай сэтгэлгээнээс гараагүй байгаа. Бидний хувьд бол энийг нэлээн хааж өгсөн гэж ойлгож болно. Ах дүүгийн ч гэдэг юмуу танил талын асуудлаар хүний нөөцөө шийдэх юм бол бид өөрөө өөрсдийгөө хүнд байдалд оруулна. Тэр үүднээсээ бид сонгон шалгаруулалтаар, нэлээн тийм хатуу байр суурин дээрээс ажилтнуудаа сонгож авдаг. Ялангуяа хувь хүний хөгжил нь хэр  зэрэг юм, тэр хүний хариуцлага хэр зэрэг байна, ажлаа хэр зэрэг хийх чадалтай байна, шийдвэрээ яаж гаргах бололцоотой юм гэх зэргээр шүүлтүүр тавих жишээтэй. Нөгөө талаар тогтвортой ажлын байр, тогтвортой хөгжлийг бий болгохын тулд урамшууллын шинэ механизмыг нэвтрүүлэн ажиллаж байгаа. АПУ-д жилд дунджаар 100-аад хүмүүс шинээр ажилд орж байна. Энэ нь 100 хүн ажлаас халагдаж байгаа гэсэн үг биш. Яагаад гэхээр өнөөдөр АПУ компанийн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний нэр төрөл олон болж байгаа. Өнгөрсөн жил бид сүүний үйлдвэрлэлийг шинээр байгуулсан. Мөн ус ундааны үйлдвэрлэлийг бий болгосон. Жүүсний үйлдвэрлэлийг бас бий болгож байгаа. Дахиад бас сүүний чиглэлээр хөрөнгө оруулалтыг нэмж ажиллах, ялангуяа фермерийн аж ахуйнуудэд дэмжлэг үзүүлэх тал дээр шинэ төсөл боловсруулаад ажиллаж байна. АПУ хувьцаат компани, АПУ трейдинг нийлээд нийт 1000 гаруй ажилчид шууд утгаараа ажиллаж байгаа. Дээрээс нь АПУ-гийн бүтээгдэхүүнийг зардаг манай хариуцагч нар, гэрээт борлуулагчид гээд шууд ба шууд бус утгаараа нийт 4000-5000 ажилчин ажиллаж байна.

-Тийм байх. АПУ-г түшин амьдарч байгаа нийгмийн эмзэг давхаргын хүмүүс гээд нэлээд тоо гарах биз. Ийм судалгаа та нар хийж үзсэн биз дээ?
-Бид нэлээн сайн судалгаа хийж үзсэн. Байгаль орчноо хамгаалах,экологийн цэвэр байдлыг хадгалах үүднээс тодорхой бодлого явуулдаг. Шилнүүд дээрээ жишээ нь  эргэлтийн процессийг хийж байгаа. Энэ тал дээр бид бас нэлээн том ажил хийж байгаа гэж боддог. Улаанбаатарын хэмжээнд дунджаар 2000-3000 хүн шил цуглуулж байгаа. Нийгмийн бас нэг хүндхэн бүлэгт ажиллаж, амьдарч байгаа энэ хүмүүсийн амьдралд АПУ-гийн оруулж байгаа нэмэр их. Өдөрт бид 200-аад мянган шил буцаан авч байна. Энэ үйл ажиллагаа тодорхой хэмжээгээр тэдний амьдралд хөрөнгө оруулалт болж байгаа шүү дээ.

-АПУ одоо яг хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ?
-Өнөөдрийн байдлаар 40 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Шар айрагны нэр төрөлд гэхэд 10-аад нэр төрлийн шар айраг үйлдвэрлэж байна. Архины үйлдвэрлэлдээ мөн 10-аад нэр төрөл. Сүү, жүүс, ундаа гээд 40 гаруй  нэр төрлийн брэндийг зах зээлд нийлүүлж байна.

-Шар айрагны зах зээл дээр бол “Боргио” брэнд тэргүүлж байгаа биз дээ?
-Шар айраг, архины зах зээл бол өөрөө асар их өрсөлдөөнтэй зах зээл. Ялангуяа архины зах зээлийн 95 орчим хувийг монголын дотоодын компанийн үйлдвэрлэгчид дангаараа эзэлж байгаа. Шар айрган дээр бол дунджаар 20-30 хувийг нь импортын шар айраг эзэлж байгаа байх.

-Хятадад үйлдвэрлэсэн янз бүрийн гадаад нэртэй шар айраг ?
-Энэ тал дээр бид нэлээн анхаарч, хүч, хөрөнгө зориулан ажиллаж байна л даа. Ялангуяа шинээр нэвтрүүлж байгаа хөнгөн цагаан савлагаатай бүтээгдэхүүн маань цэвэр монголын зах зээлд зориулагдаж, дээр нь нэмүү өртгийг нь монголд байлгах гэсэн л бодлого шүү дээ. Энэ ажил маань хөрөнгө оруулалтыг асар их шаардаж байгаа. Гэхдээ ямар ч байсан монгол хүн, монголчууд бид өөрсдөө юмаа хийчих юм бол иймэрхүү хэмжээний бүтээгдэхүүнийг дэлхийн түвшинд үйлдвэрлэж чадаж байгаа учраас ач холбогдлыг нь өнөөдрийн хүнд хэцүүгээр хэмжих аргагүй юм.

-Манай хэрэглэгчдийн ухамсарт бид ямар ч нөхцөлд үндэснийхээ компанийн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээ сонгоё. Бидний амьдралын салшгүй нэг хэсэг юм чинь пиво уувал “Боргио”-гоо л ууя. Сүүгээ авбал АПУ-гийнхаа сүүг л авъя гэсэн тэр ойлголт, тэр үндсэрхэг хэрэглээ хэр бүрэлдсэн гэж та боддог вэ?
-Энэн дээр бол манай монголын ард түмэн бахархалтай үзэлтэй гэж хэлж болно. Хүн болгоны сэтгэл дотор нь монголынхоо үндэснийхээ бүтээгдэхүүнийг хэрэглэе гэдэг ийм ойлголт, сэтгэхүй, итгэл үнэмшил нь бол бий. Энэ дотоод итгэл үнэмшилд нь 100% бид итгэж болно. Гагцхүү нөгөө талаасаа үйлдвэрлэгч бид тэр түвшинд нь,тэр хүлээж байгаа түвшинд нь дэлхийн хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадаж байна уу гэдэг асуудал л байгаа юм. Бид үүний л төлөө явж байгаа. Гол нь гадны бүтээгдэхүүн хамгийн сайн, хамгийн чанартай гэдэг ойлголтыг бид  өөрсдөө илүү сайн хөрөнгө оруулалт хийж, илүү сайн технологийг нэвтрүүлж, илүү сайн ажилчдаа хөгжүүлж байж бий болгоно. Тэгэхээр энэ бол зөвхөн ганц хэрэглэгчдийн эх орноо гэсэн үзэл дээр биш үйлдвэрлэгч нарын өөрсдийнх нь үндсэрхэг үзэл, өөрсдийнх нь хөгжил гэсэн хоёр талын харилцан огтолцлол дээр бий болно гэж бодож байна. Тийм учраас л бид энэ их хөрөнгө оруулалтыг хийж байна. Магадгүй энэ хөрөнгө оруулалтыг хямдхан өртгөөр шийдэх бололцоо бас бий. Үйлдвэрийн орчноо тийм сайн байлгах гэж зорилгүйгээр, хямдхан өртгөөр Хятадын тоног төхөөрөмжийг оруулж ирээд, нэг хоёр жилийн дотор сайн ч бай муу ч бай пижигнүүлсээр байгаад хийж болно шүү дээ. Нөгөө талдаа бол үнэхээр ул суурьтай, олон жилээ харсан, ажилчдынхаа ажиллах орчинг харсан, тэр бүх асуудлыг цогцоор нь авч үзсэн технологи нэвтрүүлнэ гэдэг өөрөө асар их  үнэтэй ажил. АПУ компани яг энэ стратегиар л явж байна.

-Үйлдвэр дотор явж байхад та “Энэ хүмүүс бол ажилчин биш мэргэжилтэн” гэсэн үг хэлсэн нь их анхаарал татлаа. Хуучин бол (эвгүй санагдвал уучлаарай) манай үндэсний үйлдвэрүүд хар ажилчдын нуруун дээр л явдаг байсан. Танай үйлдвэрээр явж байхад ч үндсэндээ хүний үйл ажиллагааг багасгах тийшээ явчихаж байгаа юм шиг харагдлаа л даа?
-Нэг талаараа хүний үйл ажиллагаанаас бага хамааралтай болж эхэлж байна гэж ойлгогдож болно л доо. Асуултын тань нөгөө утга руу оръё. Өнгөрсөн хугацаанд ажилчин хүнийг зөвхөн ажилчин хүн гэдэг байдлаас нь хардаг. Таны хэлснээр хар ажилчин ч гэдэг юмуу, тийм байдлаар ханддаг байсан нь үнэн. Монгол хүний үнэ цэнийг өсгөх нэг арга бол ерөөсөө ажилчин хүнийг ажилчин хүн л гэсэн нэг нүдээр хардгаа халах явдал юм. Жишээ нь манай үйлдвэрийн дамжлага дээр ажиллаж байгаа хүмүүс бол мэргэжилтнүүд. Энэ хоёрын хооронд асар том ялгаа бий гэсэн үг. Хамгийн гол ойлголт зүгээр нэг шугаман дээр хараад юм уу өргөөд тавиад байх ажил өөрөө үнэлгээ багатай ажил гэдэг нь ойлгомжтой. Тийм учраас тэнд байгаа хүмүүс тэр тоног төхөөрөмжийг ажиллуулдаг байхаас гадна хамгийн наад зах нь англи хэлтэй байх хэрэгтэй. Тэр бүх программуудаа ажиллуулж чаддаг мэргэжилтэн гэдэг үүднээсээ тэр хүний үнэ цэнэ өөрөө өсч байгаа юм. Тийм ч учраас том компанийн нийт ажилчдын ихэнх хувь нь өндөр цалинтай болж ирж байна л даа. Нөгөө талдаа хүмүүс дарга болох гэдэг ч юм уу, бүгдээрээ дээд боловсрол эзэмшчих юм бол амьдрал баян болчихно ч гэх маягийн сонин ойлголтоосоо салахгүй бол болохгүй болчихоод байна. Бид бүгдээрээ дээд боловсролтой болох, бүгдээрээ дарга болчих гэж зүтгэдэг. Гэтэл эцсийн дүндээ бидний зорилго ер нь дарга болох юм уу, гэр орондоо баяр баясгалантай, эрүүл энх, аз жаргалтай, амар тайван амьдрах юм уу.

-Та хэр доошоо харж ажилладаг дарга вэ. Таныг энэ үйлдвэрийн бүх ажилчид таних уу?
-Танина л гэж найдаж байна ш дээ. Төлөөлөн удирдах зөвлөлдөө баахан сайн мэдээ барьж гүйгээд, үйлдвэрийн амьдрал руу ордоггүй дамжуулагч маягийн  байр суурин дээр  ажиллах юм бол компани явахгүй л дээ. Ийм жишиг монголд их байдаг. Доорхоо харахгүй байж дээшээ нэг их аймаар сайн хүн болж харагдах гэдэг хэлбэр. Компани өөрөө олон жилийн настай байя гэвэл гүйцэтгэх удирдлагууд нь  бүх шатанд хүрч ажилладаг байх л хэрэгтэй. Гэхдээ бүх шатанд нь хүрнэ гээд шугаман дээр байгаа ажилчдад үүрэг даалгавар өгөөд хутгалдаад байх гол биш л дээ. Засаглалын зарчмыг хатуу эзэмших ёстой. Өөрөөр хэлбэл яг тэр ажилчдыг хариуцаж байгаа мастер нь ямар эрх мэдэлтэй байх юм, үйлдвэрийн дарга нь ямар эрх мэдэлтэй байх юм, газрын дарга нь ямар байх юм тэгээд гүйцэтгэх захирал нь ямар байх ёстой юм. Бүх харьцаа дүрэм журмын дагуу, сайн засаглалын зарчмаар байх ёстой гэсэн үг. Яг хараад үзэх юм бол монголын эдийн засгийн тулгуур хөгжил ерөөсөө компанийн засаглалыг хөгжүүлэх асуудал.

-Та хүн танихдаа хэр вэ. Удирдагч хүн бусдыг таних дээр алдвал эрсдэл нь өндөр буудаг шүү дээ?
-Чухал асуулт байна. Ер нь бол одоо монголд гүйцэтгэх захиралууд гэнэт наран дээрээс юмуу сарнаас ч юмуу буугаад ирдэг болсон байна ш дээ.

-Тодорхой атлаа далд олон юм хэлсэн хариулт байна?
-Би үйлдвэрлэлийн дагалдан инженерээс ажлын гараагаа эхэлсэн хүн. Тэгээд инженер, менежер гээд жаахан дээшээ өгсөж эхэлсэн. Удирдлага хүний нэг гол шинж чанар ямар хүнийг юун дээр тавих вэ, энэ хүн хэн бэ гэдгийг дотор сэтгэлдээ харж чаддаг байх асуудал л даа. Андуурч болно. Мэдрэмжээ хөгжүүлж, бусдыг унших, нээх, таних тал дээр улам туршлагажиж явах ёстой. Сайн явж байгаа компани гэдэг хүнээ сайн таньж байгаа компани л гэсэн үг. Энэ бол ганц мөнгөөр шийдэх асуудал биш. Энэ бол хүнийг таних асуудал. Зовлон жаргалыг нь мэдэрч байж л тэр хүнийг таних тухай асуудал яригдана. Өөрөө бас хүн байх ёстой гэдгийг хэлмээр байна. 

-Цалин хөлсөөс нь гадна хүнийг сэтгэлээр нь уяж болдог. Ганц мөнгөөр шийдэх асуудал биш гэсэн тань үүнийг хэлж байх шиг байна?
-Цалин хөлс бол хүний сэтгэл ханамжийн тодорхой нэг л хэсэг нь. Өнөөдөр хамгийн сайн компани гэхээр хамгийн ашигтай ажилладаг компанийг хэлдэг гэх ойлголт өөрөө дэлхий нийтэд хоцрогдсон. Тийм учраас бид бүтээмж, ажилчдын сэтгэл ханамж гэдэг зүйлийг хөнддөг болоод байнаа даа. Тэдэн тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа гэдэг бол нэг л үзүүлэлт. Нөгөө талдаа манай ажилтны бүтээмж ямар байна, сэтгэл ханамж нь ямар байгаа юм энэ бүгдийг цогцоор нь авч үзээд компанийн нэгдсэн баланслагдсан үнэлгээ гэж гарч ирэх ёстой л доо. Тэгээд яг энэ үнэлгээ нь хэр зэрэг байна вэ гэдгээр гүйцэтгэх захиралын сайн ажиллаж байна уу, муу ажиллаж байна уу гэдэг нь гарах ёстой.

-Хуучин бол АПУ спиртийн үйлдвэргүй байсан байх аа?
-Тийм. Манайх спиртийн үйлдвэргүй олон жил явсан л даа. Тэгээд спиртийн үйлдвэрээ шинээр барьсан. Энэ бол маш их өртөг шаардсан ажил байсан. Дээрээс нь чадвар шаардсан ажил байлаа. Энэ үйлдвэр 100% автоматжуулагдсан, Германы тоног төхөөрөмжийг оруулж ирж барьсан үйлдвэр. Өнөөдөр цэвэр монгол ажилчид энэ үйлдвэрийг ажиллуулж байгаа. Бид хааяа Германы нийлүүлэгч компаниасаа техник, технологийн зөвлөгөө авч байна. Бусдыг нь бол өөрсдийн хүчээр хийж байгаа.

-Хэдэн жилийн өмнө судалгаагаар архины зах зээлд хямд үнэтэй, найдваргүй архи тодорхой хувийг эзэлдэг байсан. Энэ үзүүлэлт ер нь хэр хумигдсан бэ?
-Наад дээр чинь хэдэн жилийн өмнө бид гашуун сургамж авсан шүү дээ. Багануурт өчнөөн хүний алтан амь эрсэдсэн. Үүнээс хойш хэрэглэгчдийн хандлага их өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл найдвартай, хамгийн чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэе гэдэг хандлага нэмэгдсэн. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд энэ нь үйлдвэрлэгч нарт илт мэдрэгдэж эхэлсэн. Гэвч сүүлийн үед нийгмийн амьдрал маань тийм сайн биш байна. Тодорхой бүлгийн хүмүүсийн амьдрал тун хэцүү байна. Энэнтэй уялдаад 1000, 500-гийн архи гээд яриад байгаа архинууд одоо дахиад цэцэглэж эхэлж байна.

-Үүнтэй яаж тэмцэх вэ. Гэхдээ энэ та нарын асуудал биш байх л даа?
-Хүссэн ч хүсээгүй ч бид анхаардаг. Яахав жижгэвтэр компаниудын хувьд бидний асуудал биш гээд орхиж болно. Нэгэнт энэ ачааг нь нуруун дээрээ аваад явж байгаа компаниуд бол энэнтэй тэмцэхээс өөр арга байхгүй. Тийм учраас бид нэлээн их өртөгтэй тэмцлийг энэ үзэгдлийн эсрэг хийдэг. Хуурамч архи үйлдвэрлэж байгаа гол цөмүүдийг илрүүлэхийг хүсдэг. Ингэж хааж өгөхгүй бол эцсийн дүндээ монголын үйлдвэрлэгчид муу бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэсэн хар нэр зүүх аюул байгаа учраас бид өөрт олгогдоогүй энэ үүргийг хүлээж зүтгэж байна. Төр засаг, хууль хяналтын байгууллагууд, оюуны өмчийн газар, шударга бус өрсөлдөөнийг зохицуулах газар ч юмуу энэ байгууллагууд илүү сайн ажиллах хэрэгтэй юм байгаа юм. Судалгаагаар манай бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа хүмүүс нь нийгмийн аль хэсэгт хамрагдах хүмүүс байна вэ гэдгийг бид тогтоосон. Амьдралын харьцангуй боломжтой хэрэглэгчид байдаг. Гэсэн ч бид нийгэмд хор нөлөөтэй үзэгдлийнх нь хувьд хуурамч бүтээгдэхүүний эсрэг тэмцэлд оролцдог.  Телевизээр харагдаж байна л даа Байнгын л согтуу хөлчүү ерөөсөө л болохоо байчихсан хэсгийн дүр зураг. Тэр хүмүүс бол ерөөсөө АПУ- компанийн хэрэглэгчид биш. Гэсэн ч бид хямд, чанаргүй бүтээгдэхүүний эсрэг тэмцэхээс өөр арга байхгүй.

-АПУ-ийн брэндүүдийг хуурамчаар үйлдвэрлэх бололцоо бий юу. Ийм үйлдлүүд гарч байсан уу?
-Яагаад энэ их тоног төхөөрөмжийг тавиад, энэ их өндөр өртөгтэй технологийг оруулж ирээд байгаа юм бэ гэхээр нэг талаас бол хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэх бололцоог л хааж өгч байгаа хэрэг. Хамгийн их өртөгтэй сав, баглаа, боодол, бөглөөг авчирч байна. АПУ-ийн бүтээгдэхүүнийг яг энэ маягаар нь хуурамчаар үйлдвэрлэнэ гэдэг ойлголт бол одоо байхгүй. Энэ бол боломжгүй зүйл. Энэ түвшинд хүрэх гэж бид ямар их зүтгэсэн нь ойлгомжтой шүү дээ.

-Ерөнхийдөө дэлхий нийтийн хэрэглээ зөөлөн сархад руу шилжиж байгаа гэж яригддаг. Танайх ч гэсэн шар айрагны чиглэл дээр технологийн өндөр өртөгтэй шинэчлэлүүд хийгээд эхэлчихсэн байна. Шар айраг маань шилтэй гардаг байсан бол дахиад  лаазалсан хэлбэрээр гарч эхэлж байна. Энэ нь зах зээлийн тодорхой судалгаан дээр суурилсан шинэчлэлүүд байх л даа. Зөөлөн сархад руу шилжиж байгаа гэх дээрх мэдээлэл хэр бодитой вэ. Энэ чиглэлийн хэрэглэгчдийн хувь үнэхээр нэмэгдсэн үү. Эсвэл харьцангуй ойлголт юм уу?
-Бид судалгаа хийхдээ зөвхөн статистикийн тоо баримт, эсвэл гаалийн мэдээллүүд дээр түшиглэдэггүй. Маш өргөн хүрээнд, өндөр стандартын судалгаа хийдэг. Дэлхий нийтийн хандлага бол зөөлөн сархад руугаа явж байгаа. Монголд ч гэсэн ялгаагүй. Өнөөдөр монголд шар айрагны зах зээл тэлж байгаа юу гэвэл тэлж байгаа. Хэрэглэгчийн тоо өсч байна. Нөгөө талдаа хатуу сархадын ерөнхий зах зээл нь бол хумигдаж байгаа юм. Хатуу, спиртлэг бүтээгдэхүүний зах зээл бол ер нь доошоо бууж байгаа.

-Хөдөөгийн хэрэглэгчдэд хамгийн их хүрдэг брэнд бол АПУ-ийн брэндүүд. Гэхдээ танай хөдөөд бүтээгдэхүүнээ хүргэдэг аргачлал тань ямар вэ. Зөвхөн гэрээт борлуулагчаар дамжиж байна уу, эсвэл салбар дэлгүүрүүд ажиллуулж байна уу. Гэрээт борлуулагчиддаа танайх бусдаас давуу ямар дэмжлэг үзүүлдэг юм бэ?
-Манай хэрэглэгч, харилцагч, борлуулагч нар бол манай тулгын гурван чулууны үндсэндээ хоёр нь. Үйлдвэрлэгч  бол яах вэ зовлон жаргалтай, мөнгөтэй мөнгөгүй хүмүүстэйгээ ажиллаж байгаад бүтээгдэхүүнээ үйлдвэрлэчихэж болох юм. Тэрийгээ яаж борлуулах вэ гэдэг асуудал бол хамгийн чухал асуудал. Тийм учраас бид борлуулалтын систем дээрээ асар их хөрөнгө зарж ажилладаг. Манай бүтээгдэхүүн монгол улсын бүх аймаг, сум, төвлөрсөн бүх газруудад борлогдож байгаа. Аль болох бид харилцагчдад маань ашигтай байх зарчим дээр тулгуурлаж ажилладаг. Өөрөөр хэлбэл эхлээд та ашигтай бай. Тэгээд дараа нь манай бүтээгдэхүүнийг сайн борлуулах тал дээр хамтран ажиллая гэдэг л зарчмаар явж байгаа. Бид бүтээгдэхүүнээ өөрсдөө тээвэрлэж хүргэж өгч байна. Тээврийн зардал их өндөр байдаг. Жишээлбэл Баян-Өлгий рүү хэдэн мянган километрт тээвэрлэх билээ. Энэ болбол зовлонтой асуудал. Тийм учраас бүсчилж үнэ гаргасан. Тэгээд бүх тээврийн зардлуудыг компани өөрөө хариуцаж байна. Тэгэхээр Баян-Өлгий аймагт манай бүтээгдэхүүн бараг л Улаанбааатарын үнэтэй ижилхэн шахам байгаа гэж ойлгож болох юм.

-Ноднин нэг овоон дээр гарсан юм. Тэгээд сэтгүүлч хүний саваагүй зангаар тэр овоон дээр байгаа архины шилнүүдээс зөвхөн “Болор” брэндийн шилийг тоолж үзсэн юм л даа. Манайхан овоон дээр гараад юм задалдаг заншилтай юм байна. Тэнд хамгийн их нь “Болор”-ын шил байсан. “Болор”бол тодорхой хэмжээний үнэтэй сархад. Тэгээд эргэж ирэхдээ нэг овоон дээр л ийм тооны шил хэвтэж байхыг бодоход “Болор”-ын шил үйлдвэртээ бараг эргэж ирдэггүй байх даа гэж бодож байсан?
-Наадах чинь бол борлуулалт нь хэр зэрэг байна вэ гэдгийг харах бас нэг энгийн жишээ л дээ. Хөдөө орон нутгуудаар явж байхдаа зогсдог хэсэг болгон дээр бас харж, харьцуулалт хийж үздэг юм. Хөдөө орон нутгаас шилээ буцааж татна гэдэг асар их өртөг шаардсан ажил. Цэвэр өнөөдрийнхөө ашгийг бодвол татаад байхаар ч сонирхолтой ажил биш. Гэвч нөгөө талдаа шилээ эргэж татах нь нийгмийн хариуцлагын асуудал. Үнэндээ гаднаас шинэ шил авчихсан нь хамаагүй өртөг багатай байдаг. Гэхдээ бид нийгмийн хариуцлагын үүднээс энэ ажлыг хийдэг. Эргэлтийн шилийг дахин боловсруулах өртөг бол асар өндөр өртөгтэй ажил. Тэрний тээврийн зардал, энд ирээд ялгаж угаах, хатаах, савлах, буцааж үйлдвэрт оруулаад, дахиад угаана цэвэрлэнэ. Бүхэл бүтэн том үйлдвэр ажиллаж байгаа. Манайх хөдөө орон нутгаасаа шилээ татдаг. Тэр нь манай харилцагч нарыг урамшуулах бас нэг механизм болоод явж байгаа. Энэ чинь өөрөө буцаад л дахиад хэдэн мянган хүний ажлын байр эргэлдээд явчихаж байгаа л гэсэн үг шүү дээ.

-АПУ компани нийгэм рүү чиглэсэн тусламжийн шинжтэй үйл ажиллагаа маш их явуулдаг. Харж байхад манай том корпорациудын нийгэм рүү чиглэсэн тиймэрхүү тусламж нь замдаа жаахан саармагжиж  хүрдэг. Нэн ядуу айлын хүүхдэд зориулсан сургалтын тэтгэлэг боломжийн айлын хүүхдээр солигдчих зэргээр. Энэ тал руу та жишээлбэл захирлын хувьд эргэж хэр сайн хянадаг вэ?
-Ганц АПУ ч биш татвар төлж байгаа, үйлдвэрлэл явуулж байгаа бүх компаниуд өөртөө нийгмийн хариуцлага гэдэг асуудлыг өргөн утгаар нь ойлгох ёстой юм л даа. Нийгмийн хариуцлага гэхээр л нэг хүнд очиж туслаад л тэрийгээ гадагшаа томоор харуулаад л байх биш юм. Бүр бодлоготой нийгмийн хариуцлага гэдэг ойлголтыг амьдралд оруулж ирэх цаг үнэхээр болсон. АПУ компанийн хувьд энэ тал дээр жилдээ асар их мөнгө зардаг. Ганц мөнгө өгөх биш сэтгэл санааны дэмжлэг туслалцаа үзүүлэхээс эхлээд янз бүрийн ажлуудыг хийдэг. Энийгээ эргэж хянах механизм гэдэг бол жаахан сул байгаа байж магадгүй. Шууд мөнгөн хэлбэрээр гарч байгаа зардлуудыг бол хянаж болно. Мөнгөн биш бусад хэлбэрийн юмнуудыг бүгдийг нь бүрэн утгаар нь хянах гэдэг өөрөө бас л өртөг өндөртэй ажил шүү дээ. Тэгэхээр АПУ компнаи аль болох энэ асуудлыг нээлттэй байлгах үүднээс хэвлэл мэдээллээр зарлаж өгдөг. Жишээ нь бид энэ хүнд ингэж өглөө шүү гэж. Энэ нь бол эргээд хяналт болох ёстой гэж бодож байгаа юм л даа. Өөрөөр хэлбэл хяналт нь өөрөө хэвлэл мэдээлэл болж өгч байгаа гэж ойлгож болно.

-Та өдөрт хэдэн цаг ажилладаг вэ?
-Үндсэндээ 24 цаг ажиллана. Үйлдвэрийн захирал хүний хувьд бол гар утас 24 цаг нээлттэй байх ёстой. Манай гол ажилчдын гар утас бол 24 цагаар асаалттай байх журамтай. Яагаад гэвэл үйлдвэр бол өөрөө аюултай орчин. Янз бүрийн асуудлууд гарах бололцоотой. Тийм учраас ер нь удирдлагууд бол 24 цаг ажиллаж байна гэж хэлж болно. Яг бодитоороо гэвэл өглөө 08-22 хүртэл бараг байж байдаг хүн л дээ. Олон цаг ажиллана гэдэг өөрөө тийм сайн ч ойлголт биш юм шиг байгаа юм. Хуучин бол ажил дээрээ суугаад л өдөржингөө ажлаа хийгээд байвал сайн гэсэн ойлголт байсан бол энэ ойлголт өөрөө өөрчлөгдөж байна. Дөрвөн цаг ажиллаж болно, таван цаг ч ажиллаж болно. Гэхдээ тэр хүний бүтээмж нь 40 цагийн бүтээмжтэй байвал тэр хүн дөрвөн цаг ажиллаг л дээ. Тийм үү.

-Ер нь бол том корпораци удирдаж байгаа, тодорхой түвшинд гараад ирсэн эрчүүдийг харж байхад нэг тийм хувиралууд харагдаад явчихдаг л даа. Мөрийтэй тоглоом тоглоод л, энд тэндэхийн хүлээн авалтууд дээр олон харагдаад л, эсвэл телевизээр байн байн яриад л, хөөрөг гаанс цуглуулаад л, морь уяад л… Нэг л сонин өөрчлөгдөөд ирж байгаа харагддаг. Би өөрийг тань бараг харж байгаагүй. Энэ талаар танд явдаг ойлголт ямар вэ?
-Яахав дээ харьцангуй ойлголт л байх. Телевизээр гараад л, бүх юманд харагдаад л байгаа нь сайн гэж харагддаг ойлголт нэг хэсэгт нь байх шиг байна. Тэр бол тухайн үеийн богинохон хугацааны ойлголт болов уу. Хувь хүнийнхээ хувьд барьдаг философи ч гэх юмуу нэг зорилго надад байдаг юм аа. Тэр нь юу вэ гэхээр миний хувьд энэ ертөнц дээр хүн болоод төрчихсөн л юм бол чи нэг юм хийх хэрэгтэй юм байнаа гэдэг бодол. Хүний амьдрал бол богинохон. Би жаран хэдэн настай нэг халзан цагаан өвгөн тэтгэвэртээ гарах байх л даа. Тэр үед үр хүүхдүүддээ, ач зээдээ аав нь нэг ийм юм хийчихсэн юмаа гэж хэлэх, харуулах юмтай байх юм бол энэ хорвоо дээр шороо тоосыг нь бужигнуулж явсны хэрэг гарах байхаа. Тэгэхээс биш өнөөдөр одоо тэгж байна, ингэж байна гээд олны нүдэнд өртөөд гүйгээд байх бол онцын асуудал биш байх . Би жишээ нь хүүхдүүддээ нэг их мөнгө төгрөг өгч, тансаг амьдрал үзүүлэх гэхээсээ илүүтэйгээр сайн хүн болж төлөвшихөд нь л дэм тусламж үзүүлэх ёстой гэж боддог. Яг энэ бодлоороо л үр хүүхэддээ ханддаг. Эцсийн зорилго бол хүн амгалан тайван амьдрах л ёстой. Амгалан тайван байдлыг зөвхөн саарал ордноор, зөвхөн эрх мэдлээр, зөвхөн баян тарганаар харах нь тэгж хардаг хүмүүсийн л асуудал байх. Үнэн хэрэгтээ хэт их хөрөнгөжиж, хэт их мөнгөжинө гэдэг бол дахиад бас ялтай юм шиг байгаа юм. Нөгөөтэйгүүр  шударга бусаар олоод ирчихсэн хөрөнгө бас дахиад өөрийг нь яг төдий чинээ зовоогоод байдаг юм шиг байгаа юм.

-Та яг хаанахын хүн гэлээ?
-Би Өмнөговь аймгийн хүн.

-Өвөрхангайнх болов уу гэж бодож байлаа?
-Хүн болгон л та Өвөрхангайнх уу гэж асуудаг юм. Энд бол цэвэр зах зээлийн зарчмаар бид ажиллаж байгаа. Тийм учраас нутгархах ч гэдэг юм уу, тэндхийн л хүн байх ёстой гэсэн явцуу ойлголт байхгүй л дээ.

-Танай АПУ-д Г.Батхүү гишүүний хамаатнууд хэр их олон байдаг вэ?
-Сонирхолтой асуудал. Маш цөөхөн ш дээ. Ер нь компанийг урагшаа явуулъя гэвэл  компани дээр ашиг сонирхлын зөрчил бага байх хэрэгтэй. Тэр үүднээсээ бид асуудалд ханддаг. Нөгөө талаас хамаатан садан болгон бас нэг нэгдээ дэм тус болоод байдаг гэдэг харьцангүй ойлголт шүү дээ. Манай компани дээр Г.Батхүү гишүүний хамаатан хэд байна вэ гэхээр зэрэг би л лав АПУ хувьцаат компанид бол нэг ширхэг ч хамаатан байхгүй гэж хариулна. Та шалгаж болно. АПУ бол үнэндээ аль болох хоцрогдмол ойлголтуудаас салчихсан компани шүү.

-Уучлаарай. Монголын амьдрал л ийм асуулт тавиулчихлаа. Тантай ярилцах үнэхээр таатай байлаа. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье?
-Баярлалаа