Нийгмийн Паразит давхрага


Нийгмийн паразит давхрага
2010 оны 4 сарын 26
Баабар

Саяхан тохиолдлоор төрийн ордны гуанзанд хооллов.  Дөрөв таван залуу миний ширээнд ирж суун яриа өрнүүллээ. Америк, Европ, Солонгост сургууль төгссөн залуус байх юм. Харин энэ ордонд гишүүний туслах хийдэг гэнэ. Цаадуул нь далбагар малгай, өргөн бүс, үйтэнхуар дээлээр сүвинэр шиг болтлоо гангарч гоёж хурдан мориор гайхуулахын зэрэгцээ англи японоор ярьдаг дагуулаар гоёдог болсон бололтой. “Ийм сайхан боловсрол олчихоод энд юугаа хийдэг хүүхдүүд вэ? Арай хулгай хийж сурах гэсэн юм биш биз дээ? Эсвэл насан туршийн жигшил авах гэж түр орж ирээ юу?” хэмээн дуу алдаж билээ. Саяхан бас мэдээлэл технологийн хувийн нэгэн томоохон компаний залуучуудтай уулзлаа. Газар газар сургууль төгссөн өргөн мэдлэг өндөр боловсролтой, соёлтой сайхан залуус. Ажлаа мэддэг, ажилдаа дуртай гялалзсан энэ охид хөвүүд манай маргааш юм шүү гэж бодоход бахархам. Харин нэг нь асууж байна: “Бид төрийн албанд байснаас илүү цалин мөнгөтэй, тэгээд ч ажил маань сонирхолтой, хамт олон сайхан бүрдсэн. Харин зарим найз нар маань төрийн албанд ороод ганц хоёр жилийн дотор л ганган жиптэй, зарим нь бүр хаустай болоод амжих юм. Бид яаж ч гүрийгээд тийм баялагт олон жилийн дараа хүрнэ. Төрийн албанд оръё гэхээр танил тал байдаггүй” гэж гомдоллов. “Хулгайчид атаархаж байгаа юм уу? Тэгвэл бас шоронгийн хоригдолд атаархах хэрэг гарах нь дээ. Гадаадад хамт сургууль төгссөн гадаад найз чинь хоёр жилийн дотор тэр хулгайч найз шиг чинь баялагт хүрч чадсан уу?”. Өөр хэлэх үг олдсонгүй.

Одоо манайд 150 мянган хүн төрийн алба хааж байгаагийн лавтай 20 мянга нь их бага хэмжээгээр захиран зарцуулах эрх эдэлж байгаа. Эднийг цөмийг нь болъё гэхэд дийлэнх нь хулгайч нар. Үүнийг цээжээрээ хэлж болно. Цалин нь туслах аж ахуй гэгч шиг үүрэг гүйцэтгэнэ. 1999 оны улсын нэгдсэн төсөв 300 тэрбум гаруй төгрөг болж байсан. Одоо энэ тоо бараг л арав дахин өсчээ. Дундаж цалин тэр үед 80-90 мянга байсан гэж үзэхэд 3 дахин өссөн байна. Долларын ханш тэгэхэд 1200 байсан бол одоо 1400 гээд бодохоор тийм ч аймаар төгрөгний ханш уналт болоогүй аж. Төсөв ингэтлээ нэмэгдсэн болохоор хүмүүсийн амьдрал арав дахин сайжирсан уу? Улаанбаатар хотын төсөв 10 тэрбумд багтаж байсан бол одоо 100 тэрбумд багтахаа больсон. Хот маань арав дахин дээшилсэн үү?

2007 оны 8-р сард төсвийн тодотгол хэлэлцэж байхад улсын төсөв ДНБ-ий 53 хувьд хүрч байлаа. Гэтэл ДНБ-ий бараг 80 хувийг хувийн хэвшил үйлдвэрлэж байна. Улсын мэдэлд Эрдэнэт, МИАТ, Цахилгаан станцууд, Төмөр зам, Монросцветмет гээд аль л том үйлдвэр үйлчилгээ бий. Эдний ихэнх нь үйлдвэрлэх мөртөө татвар төлөгчдөөс нэмж татаас авахыг нь яана? Урдаа барьдаг цахилгаан станцын сүүлийн хорин жилийн засвар сэлбэг дахиад шинээр хоёрыг барих өртөгтэй болжээ. Төрийн бизнес мөн биз? 2008 оны үзүүлэлтээр төмөр зам З00 гаруйхан сая төгрөгийн ашигтай ажилласан нь дундаж нэг хувийн компанитай тэнцэж байлаа. Гэтэл Монголын толгой хувийн компаниуд тус бүрдээ улсад 60 тэрбум төгрөгөөс дэээш татвар жилд өгч байна. Төрийн үйлдвэр үйлчилгээний газрын дундаж ажилтан ажилчны хөдөлмөрийн зураглал гаргаад хувийн хэвшилтэй харьцуулж үзвэл мөн ч аймаар том зөрөө гарна даа. Ингэхээр төсөв нэмэгдээд байгаа мөртөө хүмүүст тэр нь тун ч өчүүхэн нялзаж байгаагийн учир нь эдгээр төрийн гэх юм болгон дээр буй асар том хулгай луйврын тоссон уутаар орж алга болж байгаагаар тайлбарлагдана. Дээр нь рахиттай хүүхэд шиг данхайсан төр орон тоогоо улам нэмэн улам л зантайж хоол унд нь дийлдэхээ болино. Тэр хэрээрээ улам ховдог болж хүнд сурталдаа хүлэгдэн хөдөлж чадахаа болин гахайрна. Системийн өвчин! Анагаах ухаанд ч ийм оноштой өвчин бий, харин эдгэдэггүй юм гэнэлээ.

Өнөөдөр төрд ямар хүн ажилладаг вэ? Чадал муутай, мэргэжлийн хувьд дорой, төрийн гэх халамжаас нь холдуулчихвал уснаас шидэгдсэн загас аятай хий ангалзсаар үхэхүйц, хаа ч борлогддоггүй, амиа аваад явчих тэнхэлгүй хөөрхийлөлтэй амьтас дийлэнх хувийг нь эзэлдэг. Хамаг иргэдээ хот руу алдаад эзгүйрсэн 300 гаруй сумдын конторт нийгэмд өчүүхэн ч баялаг үйлдвэрлэдэггүй шимэгч хорхой нар эгнээд сууж байгаа. Өөрснөө яагаад хот нүүгээгүй юм гэхээр тэндээ байсны шанд бэлэн тэжээл авч байгаа учраас. Улаанбаатарт телевизийн 15 компани 40 орчим сувгаар монгол хэлээр нэвтрүүлэг цацаж байна. Улсаас тэжээлээ базаадаг ганц зурагтад ажилладаг хүний тоо монголын бусад нийт мэдээллийн хэрэгслэлд ажиллагсадаас олон гэж сонссон. Шанд нь тэндээс үзэж сонсох юм юу ч гарахгүй, радио нь өөрсөддөө зориулж нэвтрүүлэг явуулдаг байх. Тэднийг хувийн телевиз, ФМ голоод халгаах ч үгүй.

Эрүүл мэндийн салбарт улсын төсвөөс 300 орчим тэрбум төгрөг гаргадаг боловч үүнээс илүүг хүмүүс өвөртлөөд гадаадад аваачиж өгдөг. Монголын эмнэлэгээс шулуухан хэлэхэд айж байгаа юм. Тоног төхөөрөмж муутай л гэнэ, ажиллуулж чаддаг хүн байгаа юм уу? Эмарай гэгч томографийн аппаратыг хоёр сая хүн дутамд нэг байхаар тооцдог гэсэн, Улаанбаатарт гэхэд шинээрээ гурав хэвтэж байна. Дуран дээр нь наалдаад үхчихсэн ялааг тархины өмөн үү гэж оношилж хичнээн ч хүнийг хорлов доо. Ийм мэргэжилтнээс хувийн эмнэлэг айлгүй яахав. Учир нь хувийн эмнэлэг хөдөлмөрлөдөг, хариуцлага хүлээдэг, буруу онош эмчилгээ хийвэл хамгийн түрүүн хариуцлагаа үүрдэг.  Багш нарын үнэлгээг яам биш хүүхдээ сургасан эх эцэг үнэлж баймаар юм. Хамаг сайныг нь хувийн сургуулиуд түүгээд авчихсан, Гологдсон хэдээр нь заалгасан хүүхэд арав төгсөөд физикийн ангид элсэх мөртөө квадрат зэрэг дэвшүүлж чадахгүй. Уг нь ангидаа ганц луг нь болоод л тийм мэргэжил сонгоо биз. Оюутолгой ашиглалтад орох гээд эхний ээлжинд 40 монгол инжинер хэрэгтэй атал олдохгүй л зовоож байна шүү дээ. Тэд 40 диплом биш 40 мэргэжилтэн хайж. Цөмөөрөө эдийн засагч, хуульч, улс төр судлаач болохоор тэмүүлдэгийн учир ч энэ байх. 35 үсэгнээсээ хорийг нь таньж байхад л яаж ийгээд эдийн засагчийн диплом олддог юм шиг байгаа юм. Эрүүл мэнд, боловсролыг бизнес гэж үзэхгүй бол хэзээ ч хөгжихгүй. Энэ бол батлагдсан теором. Үүнийг төрийн ач буян гэж үзэж тийм хандлагаар явсаар байх юм бол улам л дордоно. Дорддогоо дордоод цааш явах газаргүй болох шиг боллоо доо. Төр хүүхдийг сургах ёстой нь үнэн боловч үүнийг бизнесийн зарчим механизмд оруулахгүй бол үзмэрч жатгач, лам, бөө, жагсаалчин цуглаанчин гэсэн нийгмийн өөр нэг төрлийн паразитуудын тоо л улам өсөх байх.

Ажлын фронт дээр гозойгоод зогсож байгаа нийт хүний дөрөвний нэг нь болохоор цаана нь хөдөлмөр хийж нийгэмд баялаг бүтээн татвараа хураалгаад явж байгаа дөрөвний гурвыгаа шулж амьдарч байгаа юм биш үү? Үүнийг л паразит давхрага гэнэ биз дээ. Ихэнх нь ердийн иргэний хөдөлмөрлөх үүргээ биелүүлж чадахгүй байж тэд ямар их пээдгэр гэж санана аа? Төрийн албан хаагчид бүх юмыг үнэгүй хэрэглэж байх ёстой гэнэ. Ард түмний төлөө л өөрийгөө хайрлахгүй зүтгэсээр байгаад нуруу нугасгүй болж байгаа гэнэ. Хэн зүтгээдэх гэсэн юм? Хувийн хэвшилд хэдэн зуун мянган хүн зөвхөн өөрийнхөө төлөө зүтгэн хөдөлмөрлөөд илүү гарснаараа энэ паразитуудыг тэжээгээд явж байна шүү дээ. Төрд ажиллабал хүүхэд нь дээд сургуульд үнэгүй сурдаг хаанахын ёс вэ? Луйвардаад байгаа нь багадаа юу? Төрийн албан хаагчдад үнэгүй шахам байшин барьж өгөх гэнэ. Голоод л хөдөлмөр хийж байгаа нэгнээ зурагтаар хараагаад л тунирхаж гэнэ. Төрд ажиллахаа болиоч дээ, ингэж тунирхаж байхаар. УИХ-ын гишүүд тус бүрдээ тэрбум төгрөг хуваарилуулжээ. Арай ч хувьдаа авчаагүй, сонгогдсон тойрог руу нь очих учиртай юм билээ. Гэхдээ энэ их мөнгө яван явсаар төрдөө зүтгэдэг гахайнуудын нэмэлт тэжээл болж очиж байгаа болохоос мөрөөрөө ажиллаж ард түмнээ тэжээж яваа хөдөлмөрчин олонд түй ч нялзахгүй.

Одоо цалингаа хоёр дахин нэмүүлнэ гээд л хиншүү ханхалтал заргалдаж явна. Хэнээс мөнгө авах гээд байгаа юм бол? Төрөөс нэхэж байгаа гэнэ. Төр баялаг бүтээдэггүй юм шүү дээ! Өөрийгөө төр гэж нэрлээд сүрхий хэлцэл хийгээд байгаа тэр нөхөр бол цалин нэмэхийг шаардаж байгаануудтайгаа ижил бас нэг паразит, ялгаатай тал нь шийдвэр гаргах эрхтэй гар л даа! Ажил хийдэггүй хоёр нь хэлцэл хийж байгаад ажил хийдгийгээ дээрэмдэх юм гэнээ. Хөдөлмөрөөрөө нийгэмд баялаг бүтээж байгаа тэр хэсэг нь л “хоёр дахиныг” чинь халааснаасаа гаргана шүү дээ. Намрын царцаа шиг олширсон тэр олон ажилгүй төрийн албан хаагчдаа хоёр дахин цөөлж байгаад л цалингаа нэмэхгүй юу. Сагсалзаад л, хүүхэд уйлахаараа айлгана гэгчээр жагсаж дөвчигнөцгөөх юм. Тэднийг тэжээж байгаа татвар төлөгчид жагсвал хавьгүй олон байх болно.

Төрийн албан хаагч жүжигчин найруулагч нарын жагсаал бүр наргиантай. Уран бүтээлийн хөлс өг гэнэ. Зах дээр авдар эрээлээд сууж байгаа хөдөлмөрчин уран бүтээлч биш юм уу? Тэднээс юугаараа дордох юм? Ямар авъяастайдаа урлагийн хүн байж төрд зүтгэдэг байнаа? Цаана чинь хошин урлагийн хувиараа хөдөлмөр эрхлэгч жүжигчин бие хамгаалагч цалинжуулаад явж байна. Ажлын шинэ мест шүү. Чөлөөт уран бүтээлчид улсын ханхайсан том танхимуудыг нь үзэгчдээр дүүргэн төлбөрт нь өгсөн мөнгөөр “төрийн албан хаагч уран бүтээлчид” гэдсээ тэжээж яваа шүү дээ. Төрийн албан хаагч хүн уран бүтээл туурвих шиг инээдтэй, уран бүтээлч хүн төрийн албан хаагч байх шиг шившигтэй, ичгэвэртэй, хөгийн юм байдаг болов уу? Хэрээ мэдэхгүй Тарковский ярилцаж хөлчүүрхэцгээгээд л… Ичихгүй өөрсдийгөө нийгмээ гийгүүлж урагш чирэх үүрэгтэй гэж ярина. Тэгэж байхаар өөрийгөө тун ялихгүй ч гэсэн урагш нь татаач. “Төрдөө хөлс хүчээ өгч байгаа ШУ-ы ажилтнуудын цалинг нэмэхийг шаардаж байна” гэсэн хилэнт лоозон талбайгаар хэд хоног хэсүүчлэв. Эрдэмтэн мэргэд, мэргэжлийн чадварлаг ажилтан нар баялаг бүтээж буй хувийн хэвшилд мөн ч их хэрэгтэй байна даа. Эрээд олдохгүй байна. Цалингийн хувьд жишээ нь гэхэд л гайгүйхэн геологичид дор хаяж 4-5 сая төгрөг сард өгье гээд байх юм билээ. Гэхдээ төрд байдаг шигээ зүгээр суугаад байвал өгөхгүй байтугай авахгүй ч юм билээ шүү.

Огт байхгүй бол болохгүй “аргагүй зовлон” бол төр юм. Улс оронд мэнэжмэнт хийгчид, хуульчид, цэрэг, дипломат, цагдаа, шоронгийн хуяг, шүүгчид зайлшгүй хэрэгтэй. Эдэнгүйгээр нийгмийн харилцаа явахгүй. Эднийгээ ажиллуулаад иргэдийнхээ хоорондын харилцааг зөв зохицуулаад яваач гэж хөдөлмөр хийгчид татвараа өгдөг. Уул нь хилээ мануулах гэсэн болохоос хооронд нь жинхэнэ сумаар байлдаж тоглуулах гээгүй байлтай. Шинээр ажилд орсон замын цагдаа цалин өгөхөөр “Дээр нь бас цалин гэж мөнгө өгдөг юм уу?” гээд гайхаад байна гэсэн. “Манай хотод суух Монголын консул заавал согтуу хүн байх ёстой юм болов уу, угсраад дөрвөн консул хориод жилд ганц ч өдөр эрүүл байсангүй” гэж хөрш орны хотын захиргааны ажилтан ярихыг би чихээрээ сонссон. Монголд хуульчийн орон тоо өмгөөлөгчийг оруулаад дээд тал нь 3 мянга байдаг гэсэн. Гэтэл одоо 30 гаруй мянган залуус хуулиар сурч байна. Ийм л их нөөцтэй юм бол заавал хахуульчин авилгачинг нь түүж төрд ажиллуулах ёстой юм болов уу? Яамд, төрийн захиргааны байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн тухай цааш нуршаад ч яахав дээ, огиудас хүрээд байна.

Яанаа, цаана нь халамжийнхан гээд бүхэл бүтэн арми бий шүү дээ!!! Ойрдоо 70 мянгаараа архидаад завгүй байгаа байх. Бас эх орон ард түмнийхээ төлөө өчүүхэн тархиа үл хайрлан суралцангаа унааны мөнгө нэхээд салдаггүй 160 гаруй мянган аймаар оюутан байна. Лав л одоохондоо баялаг бүтээлцэхэд оролцдоггүй. Дийлэнх нь цаашид ч оролцох магадлал муутай даа.

2010.4.25

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s