Болдхуяг гуай сонирхолтой ярилцлага өгчээ.  Улс төрийн  ч юмуу сонгуулийн пиар хийдэг гэдэг талаас нь харахыг урьтал болгосонгүй.
Улс төрөөр ч юмуу нийтийн захиргааны чиглэлээр сурж байгаа оюутнуудад “мөлжүүртэй яс” гэдэг шиг уншууртай ярилцлага болсон юмуу боловуу гэж санагдаад тавилаа.  Төрийн захиргаа  Public Personnal Administration хичээл сонсож байгаа хүнд бол  ” мартахын аргагүй танил” Паркинсоны онолын талаар ч өгүүлж брюкрат тогтолцооны онцлог шинж чанарын талаар өгүүлжээ. Төрийн алба хашиж байгаа хүн улс төрийн албанаас “ангид” байх хэрэгтэй гэдэгийг  ч онцлохоод авахаа  мартсангүй энэ эрхэм. Манайд төрийн албаны зөвлөл байгуулагдаж төрийн албан хаагч, улс төрийн үйл ажиллагаанаас хол байна гэсэн хуулийн заалт байдаг ч амьдрал дээр мөрдөгддөг болтол бас нилээд хэдэн жилийн хугацаа хэрэгтэй бололтой. Солонгосын төрийн албан хаагчыг 9 ангилдаг бөгөөд 9 түвшинээс эхлээд 3 түвшин хүртэл төрийн алба, 2-1 р түвшин рүү албан тушаал дэвшээд ирэхээр улс төрийн албан тушаал болоод явчихдаг. Тийм ч учраас төр солигдож аливаа нэг улс төрийн нам төр барихаар баахан албан тушаалын халаа солио явагддаг манайх шиг явдал гардаггүй байх.  Энэ Паркинсоны хуулийн талаар өөр дэлгэрэнгүй мэдье гэвэл  гүүгль рүү ороод Northcote Parkinson гэж хайлгавал “жирийгээд” л гараад ирэх бөгөөд бөгөөд Монгол хэлээр харахыг хүсэвэл Тэмүжин гишүүний блог ч юмуу саяхан Элбэгдорж ерөнхийлөгчийн зөвлөхөөр шинээр томилогдсон Ч. Сосормаа гуайн бичсэн “Төрийн захиргаанаас Нийтийн захиргааруу”  (25 page)номноос дэлгэрэнгүй харж болно.  Ер нь төрийн албанд ажиллах сонирхолтой хүмүүс энэ номыг уншчихад төрийн албаны ажлыг ойлгоход ихээхэн тус дэм болох болно.

Сэтгүүлч Д.Болдхуягийг “Ярилцах танхим”-даа урилаа.

Д.Болдхуяг: Шулуухан хэлэхэд би Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр нарын хэнийг нь ч шүүмжлэх эрх чөлөөтэй байна
Өнөөдөр 16 цаг 5 минут

-Таны үүсгэн байгуулсан http://www.shuud.mn сайтын уриа нь “Шууд мэдээлнэ. Түс тас!” гэсэн байдаг. Тэгэхээр асуултад ч бас шууд, түс тас хариулна биз дээ?

-Тэгнэ ээ. Шууд хариулна. Түс тас.

-Тэгвэл юун түрүүнд дээрх сайтын талаар асуу­маар байна. Шинэ ту­там гарсан мэдээллийн хэрэгс­лийг уншигчид ямагт хэнийг хэрхэн бичих нь вэ гэж анзаарч, анализ хийх маягаар хүлээж авдаг шүү дээ. “Зууны мэдээ” сонины ерөнхий эрхлэгчийн албыг энэ ажлаар солих болсон шалтгаан юу вэ?

-Би төрийн ажлаас ха­лагдсан том мундаг хүн биш. Нэг их шуугиан дэгдээгээд байх зүйл биш болов уу. “Зууны мэдээ” сонин бол нөлөө бүхий хэвлэл учраас улс төрийн хүрээнд эрхлэгч нь яагаад солигдов, хэн томилогдов гэдэг нь сонирхол татаж болох юм. Би сайн дураараа ажлаа өгсөн. Гурван жил ажиллалаа. Энэ хугацаанд нэлээд шинэчлэл  өөрчлөлт хийсэн. Нурах, хаагдах байх гэж ч хүлээсэн хүмүүс цөөнгүй байсан. Унах нь битгий хэл өссөн дэвжсэн, өнгөтэй өөдтэй болсон. “Иргэдээ өмөөрч бичнэ” гэж уриалан, түүндээ үнэнч ажилласан. Мөнхийн хүрэл медальтай сонин мөнгөн медаль зүүсэн. МАХН-ын хэвлэл гэдэг ойлголтыг нь халсан болов уу гэж бодож байна. Аливаа зүйл цаг хугацаатай. Би Паркинсоны хуулиас иш татах дуртай. Хүн нэг ажил албанд хоёроос дээш жил болохоороо өөрийнхөө алдаа дутагдал, бодит нөхцөл байдлыг үнэлж дүгнэж чадахаа больдог гэдэг. Гурван жил хангалттай хугацаа байсан. Тэгээд шинэ ажил хийж, сонирхолтой шинэ санал гаргаж, шинэ агаараар амьсгалахыг хүссэн. Чөлөөт хэвлэл, мэдээллийн зах зээлд чөдөр тушаагүйгээр олон зүйл санаачилж, бодитой ажил хийж хэрэгжүүлэх санаа их байна.

Шинэ сонирхолтой санаанаасаа таашаал авч хэрэгжүүлмээр байна. Өдөр бүр гурилтай хоол иднэ гэдэг шиг сүүлдээ жаахан уйдаад, сардаа ядаж ганц шинэ зүйл санаачилж, ажиллахыг хүссэн.

-Танай хамт олон үнэхээр дээр дэвшүүлсэн уриа шиг шууд бичиж, шууд мэдээлж чадна гэдэгт та хэр итгэлтэй байдаг вэ?

-Чадна. Мэдээ, нийтлэлийн бодлого нь үнэхээр хэнээс ч хараат бус байгаа нь анзаарагдаж байгаа болов уу. Онлайн мэдээллийн хэрэгслийн түүхэнд байр сууриа эзэлж, тэргүүлэх түвшинд гарч ирж буй хурдаараа рекорд тогтоож чадсан. Сайт бол нэг талаас сонин, нөгөө талаас телевиз. Энэ хоёрыг нэгтгэсэн, их ирээдүйтэй мэдээллийн хэрэгслийн давуу төрөл. Орон зай, цаг хугацааны хязгаар, саадгүй.

-Таныг удахгүй телевиз нээ­хээр бэлтгэж эхэлсэн гэж дуулсан?

-Бага зах зээлд хэт олон сонин, те­ле­виз үйл ажиллагаа явуулж байна. Улс, орон нутагт хэмжээнд 71 телевиз ажиллаж байна. Хоёр жилийн өмнө телевизийн нэг секундын реклам 4000 төгрөг байсан бол одоо мянган төгрөгөөс доошоо орж буулаа. Ерөөсөө гурван телевизийн оршин тогтнох зах зээл дээр 71 телевиз ажиллаж, олж байна. Энэ нь хэвлэлийн хараат бус байдалд аюул учруулна. Боловсон хүчнээ бас 71 хувааж байна. Ахиад хэд хэдээрээ мэндлэх гэж байгаа юм билээ. Тэгэхээр телевизийн зах зээл их эргэлзээтэй байна. Яг л FM үнээ уралдаж хямдруулж, нэг нэгээ дууриасаар шалдаа буусан үеийг санагдуулж эхэллээ.  Гэхдээ надад энэ салбарт хүчтэй орох санаа байгаа. Үүнийг ерөөсөө үгүйсгэхгүй.

-Энэ санаачилгаас үүдээд Н.Энхбаярын хэвлэлд эзлэх ноёрхол улам бүр өргөжиж байна. Д.Болдхуяг түүний хүслийг биелүүлэхээр ажиллаж эхэллээ гэсэн яриа гараад байгаа?

-Одоогийн Ерөнхийлөгч Ц.Эл­бэг­доржтой өнөөдрийг хүр­тэл намайг холбодог хүмүүс байгаа. Ц.Элбэгдоржийн тагнуул, Ц.Элбэгдоржтой хэвээрээ юм билээ гэж одоо ч ярих нь бий.  “Нүүх үү, үлдэх үү” лекцээс өгсүүлээд, Ерөнхий сайд Ц.Элбэгдорж хүнд суртлын цаасыг хар хувинд урж хаясан, хотын дарга нарыг гэнэдүүлэн камердсаныг хүртэлх анхаарал татсан олон үйл явдал, мэдээлэл харилцааны акц, операциуд дахь миний оролцоог хүмүүс мэднэ. Энэ мэтээс үүдээд Ц.Элбэгдоржийн хүн хэвээрээ гэдэг байх. Ц.Элбэгдоржийн Болдхуяг гэдэг ойлголт энэ дөрөв, таван жил бүр мөсөн алга болчихгүй байгаа юм чинь Н.Энхбаярын Болдхуяг гэдэг ойлголт бас нэг хэсэгтээ л дагана биз. Ц.Элбэгдоржоос өмнө бас Н.Алтанхуягийн Болдхуяг гэдэг л байсан. Би чинь Увсын хүүхэд биш хотын хүүхэд. Норовын хүүхэд биш Дамдинсүрэнгийн хүүхэд. Ийм яриа гарч байгаа нь УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гээд улс төрийн том хүрээний олны танил улстөрчидтэй тууштай үзэлцэж, бас тууштай хамтарч байсны өртөг, төлбөр  юм байлгүй дээ.

-Н.Энхбаяртай хамааралтай гэдгийн тухайд?

-Манайд бүх зүйл туйлширсан байдаг. Хэвлэл мэдээллийн хэ­рэгсэл ч нэгийг нь бурхан, нөгөөг нь чөтгөр байх ёстой юм шиг харагдуулдаг. Эс бол үлгэрийн асар сайхан хан хүү, чөтгөрийн хорон муу санаатан болгож талцуулдаг. Улс төрд бурхан ч, чөтгөр ч байхгүй. Мангас, баатарын дүр төрх бий болгодог нь зүгээр л зохиомж, уран сайхны дүр гэсэн үг.  Н.Энхбаяр гэдэг хүн үзэгдэл мөн үү мөн. Бөхөөр бол Б.Бат-Эрдэнэ аварга шиг Монголын улс төрийн наадмын зүүний магнайд 15 жил дэвсэн хүн. Энэ хүнээс авах сайн чанар, үл хүлээн зөвшөөрөх, шүүмжлэх алдаа дутагдал нь ч байгаа. Хүн бол сайн, муугийн нийлбэр. Хүний нэг мөрөн дээр чөтгөр, нөгөө дээр нь бурхан суудаг гэдэг. Н.Энхбаяр гуайг би ч биш олон хүн, бүр өрсөлдөгчид нь том улстөрч гэж хэлдэг.

-Та тэгвэл тэр мөрөн дээр нь суудаг гэдэг бурхан, чөтгөр хоёрынх нь алинд нь итгэж Н.Энхбаярын талд ажилласан юм бэ?

Ц.Элбэгдоржийн бурхантай нь, Н.Энхбаярын чөтгөртэй нь хамтарсан гэж юу байх вэ. Бурхан, чөтгөрийн нээлт хийдэг нь ч би биш. Хэтэрхий шударга бус, муухай зүйл болно. Мөн аливаа хүнийг сайн талаас нь харах, аль болох сайн тал руу нь чиглүүлэхийн төлөө л ажиллана. Хэрвээ миний болсон болоогүй зөвлөгөө, хэрэгтэй, хэрэггүй санааг хүлээн зөвшөөрвөл тэр шүү дээ. Ц.Элбэгдорж хүнд суртлын тогтоолыг урж хаясан нь яагаад муу гэж. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын ажлаа өгөхдөө “Нүүрэнд минь гарсан үрчлээс, үсэнд минь суусан сор миний ард түмний, миний амьдралын зовлон шаналал бас аз жаргал билээ” гэж хэлсэн юу нь худлаа гэж. Тэр үгийг бэлтгэхэд би оролцсон. Үүнд юу нь муу байна. Ерөөсөө сайныг хэтрүүлэн магтах, зөвхөн мууг нь нь харахын аль нь сохор үйлдэл. Ер нь бол нэг их фендэж шүтэн бишрэх хэрэггүй. Үргэлж шүүмжилж зөрөх бас хэрэггүй. Тэгж байж л ажил явна.

-Ерөнхийлөгч асан Н.Энх­баярын тэр үгийг төрийн өндөр алба хашиж байгаа хүн бүр л өөр өөрийн хувилбараар хэлэх болж. Энэ нь эргээд Н.Энхбаярын үс тэр долдугаар сарын 1-ний шөнө гэнэт бууралтаад л, өөрөө хүсч хийчихээд дараа нь хэрхэн зовсноо ярих ямар хэрэг байна гэдэг шүүмжлэлийг өрдөж өгсөн шүү дээ. Пиарын энэ арга нь хүмүүсийг дургүйцэх, эс бол тахин шүтэх гэсэн хоёр хандлага руу хөтлөх шиг болсон. Магадгүй Н.Энхбаярт ард олноор өөрийгөө өрөвдүүлэх, эргэж улс төрд идэвхтэй оролцох хүслээ гүйцэлдүүлэхэд тус дөхөм болгох гэсэн сонирхол байгаад байгаа ч юм шиг?

-Би одоо ч Н.Энхбаяр Ерөн­хийлөгчийг улс төрийн стадионоос тээр хол гараад зогсчихсон гэж бодохгүй байна. Дотор нь байгаа. Үг бүрийг нь үргэлж тэгж мушгих хэрэггүй. Долдугаар сарын 1-нд яах аргагүй онц байдал зарласан Ерөнхийлөгч нь Н.Энхбаяр. Одоо экс Ерөнхийлөгч гэх ёстой. Гурав дахь Ерөнхийлөгч гэж нэрлэхгүй гээд байгаа. П.Очирбат гуайг анхны Ерөнхийлөгч л гэдэг биз дээ. Америкчууд 44 дэхь Ерөнхийлөгч, 45 дахь Ерөнхийлөгч гэж хэвшдэггүй юм уу. Бүгдээрээ л бүх ард түмний олонхийн саналаар сонгогдсон биз дээ. Хэзээ нэгэн цагт Ц.Элбэгдорж ч дөрөв дэх Ерөнхийлөгч л гэж төр, түмний түүхэнд үлдэх байх.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Ц.Эл­бэг­доржийг Хятад гаралтай гэсэн мес­сеж нисгэсэн. Үүнд та өнөөдөр “Хятад нь үнэн” гэсэн хариулт өгч чадах уу?

-Тэр үеийн асуудал 2009 онтой хамт дууссан. Сонгуульгүй өдөр гэж байх ёстой биз дээ. Энэ талаар илүү ихийг ярих нь ёс зүйн хувьд зохимжгүй санагдаж байна.

-Гэхдээ таныг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг төрсөн сар, өд­рөө нууцалсан гэдгийг олонд дэлгэж, хар пиар цацсан гэж хардах хүмүүс байдаг. Энэ нь таныг “аюултай зэвсэг” гэж дүгнэж болохоор санагдуулсан болов уу?

-Намайг хэтрүүлэн төсөөлж, энэ зах зээлд илүү их үнэ цэнэтэй болгож байгаа иймэрхүү үг ярианд би баярлалаа гэж хэлнэ. Тэр сар, өдрийг би олонд дэлгээгүй. Ерөнхийлөгчийн албан ёсны сайтад ч төрсөн өдрөө гуравдугаар сарын 31 гээд биччихсэн байгаа. Гэхдээ төрсний гэрчилгээг нь авах гэж аав нь хөдөө хол газраас явсаар байтал хэд хонож, 31-ний өдрөөр авснаа тэмдэглүүлсэн болохоос угтаа бол гуравдугаар сарын 8-нд төрсөн гэж өөрөө тайлбарлаж байсан шүү дээ. Үүнийг ганцхан би биш төрсөн өдрийг нь хамт тэмдэглэсэн, тэр тусмаа Мартын 8-наар цэцэг авсан  олон хүн мэддэг ердийн л зүйл шүү дээ. Нэг их том, чухал асуудал биш шүү дээ.

-Үүнийг сонгуулийн сур­тал­чилгаатай холбоход Ерөн­хийлөгч асан Н.Энхбаяр зур­гадугаар сарын 1-нд төрсөн гээд хүүхдүүд хүлээж авахад олон хүнд эерэг сэтгэгдэл төрдөг байсан нь үнэн. Иймд энэ онцгой өдрийг тэмдэглэлт өдөртэй холбох нь улстөрчийн хувьд бас эерэг сэтгэлгээг төрүүлэхэд нь дөхөм болоод байх шиг?

-Төрсөн өдөр нь зургадугаар сарын 1 нь л юм чинь тэгээд өөр яах вэ дээ. Шулуухан хэлэхэд аль нэг сонгуулийн дүн заримдаа үнэхээр хохь чинь гэж хэлмээр гардаг. Өөрсдөө сонгочихоод сонгуулийн маргаашаас сонгосон хүмүүсээ тэнэг мангараар нь дуудаад, гайхаад унадаг биз дээ. Би 2008 оны УИХ-ын сонгуулийн маргааш “Заяа чинь энэ” гэж бичиж л байсан. Олон хүн интернетээр эсэргүүцэх болов уу гэж бодсон чинь бараг 100 хувь дэмжсэн байсан. Би өөрөө ч гайхсан. Гэсэн ч олон нийт маань харамсалтай нь айдас, гуниг, баяр хөөр, алга ташилт, цөхрөл гэх мэт сэтгэлийн хөдлөл өөрчлөлт, сэтгэл зүйн хүчин зүйлээр сонголтоо хийдэг. Тэр сэтгэл зүйн хүчин зүйлээр сонголт хийдэг хүмүүст төрсөн өдөр, он, сар, өдрийг ашиглах нь зүй ёсны л шахуу зүйл. Угаасаа ямар сонгогчид байна, тийм л улстөрчид гарч ирдэг.

-Үүнд пиарчдын оролцоо сүүлийн үед нэлээд өсч байх шиг. Наад зах нь, та бодит жишээ нь шүү дээ?

-Улстөрийг цирктэй зүйрлэж болно. УИХ-ын танхим маань хүртэл циркийн манеж шиг дугуй хэлбэртэй байх аа. Чуулганы хуралдаан ч угтаа бол жүжиг, циркийн номер шиг байх нь элбэг. Цирк юм чинь уран сайхны удирдагч, найруулагчтай байж таарна. Гэхдээ ор хоосон, огторгуй сансрын үлгэр зохиол биш.  Ядаж баримтат-уран сайхны бүтээл юм даа. Бодит баримтыг тодруулж, өнгө будгийг гаргаж өгдөг зүйл болохоос биш тууж, роман, шүлэг найраглал бичихтэй пиарын ажлыг зүйрлэж болохгүй. Пиарчид улстөрчидтэй хамтрахдаа энэ хүнд үнэхээр ялалт амжилт байгуулах тодорхой хэмжээний магадлал, давуу сайн шинж чанар байна уу, үгүй юу гэдгийг харах ёстой. Тэр нь байх юм бол тодруулж өгнө. Огт байхгүй зүйлийг хаанаас зохиох вэ. Хар пиар гэж яриад байна. Улстөрчдөд хар үйл, хар шинж байхгүй бол хар пиар гэж байхгүй ш дээ. Нөгөө талаас насаараа амь­дарсан эхнэр нөхөр хоёр нэг нэгнээ таниагүй байхад 45 хоногийн турш өдөр шөнөгүй өөрийгөө сурталчилж, “Би Монголын төлөө энэ хорвоод төрсөн хүн байгаа юм” гэж магтан дуулаад унахаар тэр олон мянган сонгогч жинхэнэ мөн чанарыг нь танин мэдэх бололцоогүй. Ерөөсөө баримт нотолгоог л өрсөлдүүлдэг. Санаа бодлын төлөөх зах зээл гэдэг бол баримт нотолгоонд суурилсан мэдээллийн өрсөлдөөн. Өөрийн үндэс зарчим, томъёо ухагдахуунтай, зүй тогтолтой, бас ёс зүй, хэм хэмжээтэй бүхэл бүтэн арга ухаан.
-Та УИХ-ын сонгуулийн да­раа “Хохь нь” гэж хэлмээр санагддаг гэлээ. Тэгвэл 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд энэ үгээ хэлэх үү. Үүн­тэй холбоотойгоор пиарч хүн үйлчлүүлэгчийнхээ давуу талд итгэх ёстой гэлээ. Тэгвэл Н.Энхбаяр гэдэг хүний ямар давуу талд нь итгэж ажилласан юм бэ?
-УИХ-ын 2004 оны сонгуульд Америкаас Марк Вебстер гэдэг туршлагатай, пиарын мэргэжилтэн “Монголын пиар ассоциац”-тай хамтарч ажилласан. Бурханы авралаар үйлчлүүлсэн арван нэр дэвшигч маань бүгд УИХ-ын сонгуульд ялсан. Пиар ассо­циацийн хүндэт ерөнхийлөгч нь одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, би Төлөөлөн удирдах зөвлөлийнх нь дарга байсан.

Тэр хүн пиарчид нэр дэв­шигчидтэй хамтарч ажиллах эсэхээ шийдэх шалгуурыг бидэнд хамгийн энгийнээр хэлж өгсөн. Пиарчин бол зургаар бол зураач. Энэ нэр дэвшигч Монголын төрд хэрэгтэй юу, үгүй юу гэдэг нь нэгдүгээр шаардлага. Таалагдсан бол зургийг нь зурна гэсэн үг. Хэрэгтэй гэж үзвэл та мэдээлэл харилцааны дэмжлэг үзүүлж ажилла. Хоёрдугаарт сонгуульд ялалт байгуулах магадлал,  бодитой давуу шинж чанар байна уу, үгүй юу гэдэг нь чухал. Түүнээс бус ямар ч пиарчин ид шидийн дохиур барьсан биш ямар ч найдлагагүй нөхрийг сонгуульд ялуулж чадахгүй. Гуравдугаарт үйлчлүүлэгч нь мэдээлэл, харил­цааныхаа мэргэжилтний үг, зөвлөгөөг хүлээж авах уу, үгүй юу гэдгийг хатуу тохир. Дөрөвдүгээрт энэ үйлчилгээний явцад гарах зардал, ажлын хөлсөө харилцан тохиролцож, гэрээ байгуулсан байх ёстой гэж зөвлөсөн. Энэ шалгуурыг Ерөнхийлөгчийн сонгуульд ч баримтлахыг хичээсэн.

-Гэхдээ таны үйлчлүүлэгч ялалт байгуулж чадаагүй?

-Сонгуулийн дүн тэгж л гарсан. Засуул, уяачийн бөх, морь байнга ялж, түрүүлнэ гэсэн юм байхгүй. Ерөнхийлөгчийн сонгуульд алт, мөнгөн медаль гэж байдаггүй.

-Сонгогчдыг “хохь нь” гэж хэлэх үү гэсэн асуултад ямар хариулт өгөх вэ?

-Манай нийгмийн үнэлэмж өөрөө зөв байна уу гэдгийг үзэх хэрэгтэй. Сая http://www.shuud.mn-ээс гудамжинд бие нь өвдсөн байдалтайгаар нэг эмэгтэйг суулгаад хэн туслах нь вэ гэсэн туршилт явуулж үзсэн. Тэгэхэд туслах хүн гарахгүй юм. Ганц туслах гэсэн хүн нь хуруун дахь бөгжийг нь авахыг мулталж үзэх жишээтэй. Манай нийгмийн үнэлэмж, сонгогчдын ёс суртахууны шалгуур алдагдаж байгаа, бүтэц, сэдэл нь их өөрчлөгдөж байгаа, бүр тэс өөр ч болж байгаа тал бий. Сэтгэл хөдлөл, өнгөц дүгнэлтээр аль ч сонгуульд санал өгдөг. Би “Та хэн нь ямар ажил хийснийг тавхан минут нүдээ аниад бодож үзээрэй, Дараа нь саналаа өгөөрэй” гэж хүртэл радио шторк хийж байсан ухаантай. Сонгогч хүн гэдэг хариуцлагатай, сонголт хийнэ гэдэг асар их олон талаас нь бодож, дүгнэж өрөөл хэн нэгнийг биш өөрийнхөө амьдралыг, өөрийнхөө ирээдүйг, өөрийгөө сонгож байгаа үйл хэрэг шүү дээ Үргэлж өөрийгөө, өөрийнхөө ирээдүйг сонгож байна гэдгээ ойлгох хэрэгтэй. Түүнээс бус би Ерөнхийлөгчийн сонгуулийг тойрсон пиарын гал тогооны дотоод асуудлыг сонинд дэлгэж тавих нь ёс зүйгүй хэрэг. Миний үг бас үнэн бодитой байх магадлал бас л бага байхгүй юу. Тэртээ тэргүй би сонирхлын зөрчилтэй. Ийм байж нэг их үнэнч шударга царайлж үнэлж, цэгнэх гэж маяглаад хэрэггүй.

-Ерөнхийдөө бол өнгөц сонголт гэж хэллээ. Уг нь та тэр өнгөц сонголтын эзэн болсон Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой олон жилийн турш хамтарч ажиллаж байсан. Гэтэл нэг л өдөр Ардчилсан намын их хурал дээр “Ц.Элбэгдорж бол муу хүн” гэсэн утгатай огцом мэдэгдэл хийсэн шүү дээ. Энэхүү гэнэтийн байр суурийн өөрчлөлт нь пиарчин хүн ийм байх ёстой юм уу, аль эсвэл хамтран ажиллаж байсан хүн нь ийм алхам руу түлхдэг үү гэсэн эргэлзээг төрүүлдэг?

-Би бол улс төрийн зөвлөх үйлчилгээг, худалдан борлуулж, зардаг л бизнестэй хүн. Миний пиар үйлчилгээг түц, дэлгүүр гэж бодоход Н.Энхбаяр нь надаас чихэр авч болно. Ц.Элбэгдорж ч мөнгөө төлөөд печень авч болно. Тэгэхээр би зөвхөн МАХН-д печень зарна, эсвэл Ардчилсан намынханд л хуушуур зарна, бусад нь цаашаа, манайх хаасан, танд үйлчлэхгүй гээд суух юм бол энэ бизнес өөрөө утга учиргүй, зах зээлгүй болно. Уржигдар миний бүтээгдэхүүний худалдан авагч нь Ц.Элбэгдорж байсан. Өчигдөр Н.Энхбаяр худалдан авагч. Өнөөдөр хэн ч худалдан авч болно. Гагцхүү Монголын төрд хэрэгтэй гэж үзвэл ямар ч үйлчүүлэгчид өөрийн зөвлөх үйлчилгээг худалдаж борлуулах эрх надад бий. Тэр бол нээлттэй. Хүний үзэл санаа нь илүү чухал. Либерализм юм уу, ардчилсан социализм нь чухал биш. Аль нэг измээс илүү тодорхой  идей нь чухал. Миний 2008 оны УИХ-ын сонгуульд хамтарч ажилласан 10 нэр дэвшигчийн зургаа нь Ардчилсан намынх, дөрөв нь МАХН-ынх байсан. Гэхдээ хэн нь ч нэг тойрог дээр давхцаагүй юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монголын пиар ассоциац”-тай ойр холбоотой байхад ч арван нэр дэвшигчийн хоёр нь МАХН-ын гишүүн, гурав нь бие даагч байсан юм шүү.  Энэ бол ердийн л бизнесийн зарчим. Намын дэргэдэх байгууллага, жигүүр далавч нь ч бид биш. Шинэчлэх бүлгийн нөхөд бид Ардчилсан намын Онц их хурал хуралдуулах шаардлага тавьсаар байгаад хуралдуулсан. Тэгээд 2006 оны гуравдугаар сарын 30-ны өдөр болсон тэр их хурлын танхимаас би намын гишүүний эрхээ эдэлж, Ц.Элбэгдорж лав л энэ удаа намын дарга болох эрхгүй гэж үзэл бодлоо шулуухан хэлсэн.

-Та тэр үед яг юу гэж хэлж байлаа?

-Энэ хүнд намын дарга болох ёс суртахууны эрх байхгүй. Энэ хүн Ардчилсан намын 40 мянган орон сууц, хүүхдийн мөнгө гэсэн уриа, хөтөлбөрийн хүчээр Ерөнхий сайд болчихоод хүүхдийн мөнгийг гүйцээж олгох ажлыг хийж чадсангүй. Ардчилсан намын гол мөрийн хөтөлбөр болсон 40 мянган айлын орон сууц хөтөлбөрийг Ерөнхий сайд байхдаа ард олонд хүртээлтэйгээр хэрэгжүүлж чадаагүй учраас Ардчилсан намын дарга болох ёс суртахууны эрхгүй гэдгийг хэлсэн. Үүнийхээ дараа Ардчилсан намын гишүүнчлэлээс сайн дураараа татгалзсан. Дараа нь ямар ч намд ороогүй. Би зүрхээ солиулах мэс засалд ороогүй учраас өөр ямар ч намд элсч чадахгүй. Хэрэв тийм мэс засалд орсны дараа бол өөр намд элсэнэ байх.

-Яагаад, намын ги­шүүнч­лэ­лийг яаж тайлбарлахаараа зүрх солиулах мэс засалтай холбогдож байгаа юм бэ?

-Цаг үеэ дагаад аливаа үзэл бодолд цаг үеийн чанартай бага сага өөрчлөлтөд орж болно. Түүнээс бус зарчим нь, үнэ цэнэтэй зүйлс нь өөрчлөгдөж хувирдаггүй, би лав өөр намд тууж орж чадахгүй. Тэр тусмаа Ху намд хойд насандаа ч элсэхгүй. Би өөрөө либертар үзэлтэй хүн. Төр бол дарангуйлагч, татвар бол дээрэм гэж үздэг эрх чөлөөний үзэл. Харин би хүмүүсийг ялгаварлаж, үйлчлүүлэгчээ улаан­тан, цагаантнаар нь будаад байх юм бол миний зах зээл, миний ажил дампуурна. Миний бизнес дампуурна гэдэг чинь миний гэр бүл хоолтой байх уу, үгүй юу гэдэгтээ хүрнэ. Би гурван охинтой хүн. Иймд нөхөр хүний хувьд, эцэг хүний хувьд мөнгө олж байх ёстой. Ажил хийж, ашиг олох ёстой. Бас өмнө нь ажлаа хийж байхдаа олж авсан хувийн чанартай мэдээллийг нь гэрээ дуусгавар боллоо гээд л үйлчлүүлэгчийнхээ эсрэг да­раа нь ашиглахгүй. Ашигласан тохиолдолд дараа нь хэн надтай хамтрах юм бэ.

-Эндээс сонирхоод асуухад Ц.Элбэгдоржтой үүдсэн зөрчил нь санхүүгээс болсон гэж яриа бас байдаг. Магадгүй ундаагаар зүйрлэлээ гэхэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 0.5 литрийн ундаа танай ТҮЦ-нээс авах гэхэд Н.Энхбаяр нь 1.5 литрын ундаа авна гэж гэрээ байгуулсан гэж ойлгож болох уу?

-Би түрүүн хамтарч ажиллах дөрвөн шалгуурыг хэлсэн дээ. Нэгдүгээрт Монголын төрд хэрэгтэй байх. Дөрөвдүгээрт мөнгө төгрөгний асуудлыг зохицуулах гэж. Би нэгдүгээр, дөрөвдүгээр гэж зориуд хэлсэн юм. Энэ бол итгэл үнэмшил нэгдүгээрт, мөнгөний асуудал дөрөвдүгээрт гэсэн зэрэг дэвийн асуудал болж байгаа биз. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөс авах авлага, өр төлбөрийн асуудал байхгүй. Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн хувьд ч адилхан. Надад аль алинд өгөх өр, аль алинаас нь авах авлага, зээл барьцаа байхгүй. Хоёул хоёулаа, яг үнэндээ колагаар ч дайлахдаа тааруу улс. Хэн хэн нь боломж олгосон, хэн хэнээс нь сурсан мэдсэн зүйл их бий.

-Чөлөөтэй, бие даан ажиллах боломжтой гэж үү?

-Тийм ээ, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчидтэй 45 хоногийн гэрээ байгуулаад ажлын хөлс энээ тэрээг нарийн зохицуулдаг. Энэ бол нууж хаах асуудал биш. Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч гэ­дэг бол өөр. Сонгуулийн штаб биш. Нэг талаас улс төрийн, нөгөө талаас төрийн ажил алба. Харин улс төр болон төрийн албыг нэг хүн хашиж байгааг одоо цэгцлэх хэрэгтэй. Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албан дарга бол цалингаа л авна.  Цалингаас гадуур халтуурын.нэмэлт орлого Ерөнхий сайдаас авах шаардлага би тавьж байгаагүй. Ерөнхий сайд ч өгч байгаа ч үгүй. Ийм л асуудал. Н.Энхбаяр Ерөнхийлөгчтэй бол өнгөрсөн 2009 оны сонгууль гээд пиарын олон талын асуудал, нарийн ширийн зүйл бий. Аль нэвтрүүлгийг хэн гарга гэсэн, алийг нь хэн битгий гарга гэсэн гэх мэт яриа байдаг. Гэхдээ би С.Баяр, Н.Энхбаяр нарын маргаан дунд орж өдөөгөөд л, тэр нь зөв, энэ нь буруу гэж ярьж хэлэх эрхтэй, МАХН-ын сонгуульт албатай хүн биш.

-С.Баяр болон Н.Энхбаярын мар­гаан гэснээс экс Ерөн­хийлөгчийн хэвлэлд өгсөн ярилц­лага нь тэр чигтээ гомдол бай­сан. Үүнийг С.Баяр нь намынхаа Хяналтын хороонд зарга үүсгэсэн байгаа. Эндээс Ерөнхийлөгчийн сонгуулийн үед пиарын бүх ажлыг базаж ажиллаж чадсан эсэхийг тань асуумаар байна?

-Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн, түүнийг тойрсон маргаан мэт­гэлцээнийг нэг хоёрхон нэвтрүүлэг, нэг хоёрхон ажлын хэсгээс л болсон гэж дүгнэх боломжгүй. Хэтэрхий өрөөсгөл болно. Тэр намын дотоод асуудал. Хянадаг нь хянаж, шалгадаг нь шалгах л биз. Эрх мэдэлтэй байгууллага нь эцсийн дүгнэлтээ гаргаж, манай нам хэрхэн оролцов гэдэг үнэлэлтээ яриагүй байхад би хөндлөнгөөс нь дуугарч, хөхөөний ам болох ямар ч шаардлага байхгүй.

-Ямар ч байсан нэг “Ийм байна. Ингээд байна” гэсэн дүгнэлт танд үлдсэн бололтой юм, тийм үү?

-Мэдээж зөвхөн Н.Энхбаяр гэдэг хүн ч бус, МАХН-ын удирдлага ч зөвшөөрөөд Ерөнхийлөгчийн сонгуулийн Мэдээлэл сур­тал­чил­гааны ажлын хэсгийн нэг гишүүн болж ажилласны хувьд тэд хүсвэл, шаардлагатай гэж үзвэл хэлдэг газар нь хэлэх зүйл бол байгаа л байх. Түүнээс бус сонин хэвлэлээр зарлах хэрэггүй болов уу.

-МАХН-ын Хяналтын хороо асуудлыг тодруулахаар дуудвал очно гэсэн үг үү?

-МАХН-ын дотоод асуудал шүү дээ. МАХН-ын Хяналтын ерөнхий хороо болохоос бус Монголын Хяналтын ерөнхий хороо биш. Тэр чинь дээр үеийн МАХН-ын Төв хорооны хэлтэс биш. Нэг нам нийгмийг удирдан чиглүүлдэг, нам төвтэй нийгэмд бол өөр хэрэг.

-Та өмнө нь МАХН-ыг хэр анзаарч байв?

-Хүн болсноос хойш л анх удаа МАХН-ын байранд Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хамгийн олон удаа орсон байх. Миний хуучин гишүүнээр нь байсан Ардчилсан намаас ихээхэн ялгаатай юм билээ. Одоо тэр ялгаа нь харин жаахан арилж байх шиг байна. Зарим үед МАХН  нь ч Ардчилсан нам юм шиг, Ардчилсан нам нь ч МАХН юм шиг харагдаад байгаа тал бий. МАХН-ын хувьд хуралдаа цагтаа ирдэг, шат дараалалтай асуудлыг шийддэг, зангиа ч их зүүдэг юм билээ.  Арай жаахан хуралдах, шийдвэр захирамжаар ажиллдаг онцлог бас байна лээ.

-Пиарчийн тань хувьд сонир­хож асуухад энэ хоёр намд ямар үнэлгээ өгдөг вэ?

-Хоёр хувцасны брэнд харь­цуулж байгаа биш нэг их мундаг ухаантай царайлаад үнэлж, дүгнэх хэрэггүй байлгүй дээ.

-Яалт ч үгүй МАХН, Ардчилсан нам хоёр Монголын улс төрийн брэнд юм биш үү. Гишүүд нь тэгж л боддог юм шиг байна лээ?

-Мэдээж улс төрд бол брэнд л дээ. Бүхэл бүтэн ойлголт, төсөөлөл. Үүнд их нарийн задаргаа хийж дүгнэх хэрэгтэй. Нэг ярилцлагаар буудаад, будаад, дүгнээд байх боломжгүй.

-Та “NTV” телевизийн ТУЗ-ийн гишүүн М.Буянбадрах, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Олон нийтийн харилцаа, нийтлэг бодлогын зөвлөх А.Ганбаатар хоёртой сайн найз. Пиарын ажлыг хамтарч хийдэг. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуулиар хоёр талд нэг нэгнийхээ эсрэг ажилласан нь сайн мэдэх хүмүүст их эргэлзээ төрүүлж байсан?

-“Харанга” хамтлаг гэдэг байдаг шүү дээ Х.Лхагвасүрэн заримдаа ганцаараа дуулдаг. Чулуунбат нь ганцаараа уран бүтээл хийх үе байдаг. Энх-Манлай бас ганцаараа дуулсан гоё дуунууд ч байдаг. Тэрэнтэй л адил. Үргэлж хамт дуулаад л, нэг гэрт амьдраад байдаггүй биз дээ.

-Хамтлаг хэвээрээ гэсэн үг үү?

-Найз нөхдийн харилцаа бол яг хэвээрээ. Ажлын явцад ху­вааг­дах үе байдаг. Тухайн нэр дэвшигчийнхээ сайн мууг дуудалцах бол нэг асуудал. Ямар ч тохиолдолд эргээд уулзах нүүртэй байх юм сан гэж хэн хэн нь боддог.  Зарим нэг тодорхой итгэл үнэмшил нэгдэж буй зүйл дээрээ хамтраад л ажиллаж байгаа. Хамт олон гэхээр л “Чи хамт олныхоо эсрэг ажиллаж болохгүй Хамт олны минь хүчинд л манай авгай алдарт эхийн одон зүүлээ” өнгөрсөн баларсан үеийн сэтгэлгээгээр хандаад байлтай биш. Хоёр нь хоёр сар өрсөлдөж болно, нэг нь түдгэлзэж болно. Энэ бол эрх чөлөө. Бид нар чинь чөлөөт уран бүтээлчид.

-Амлалт нэхэх ард түмний холбооны гэр рүү машинтай хүн дайрах үед танай сайтын сэтгүүлч хамгийн түрүүнд очсон. Энэ нь зохион байгуулагч, мэдээлэгч, мэдээлэл түгээгч, жагсаалыг зохион байгуулагчид бүгд нэг тал байгаад хамтран зохион байгуулсан гэж хардахад хүргэсэн?

-Тэр шөнө хөл бөмбөг сонирхогчдод зориулж, Европын аваргуудын лигийн тоглолтыг шууд дамжуулж байсан. Тэгэхэд өглөө таван цагт манайхан руу утасдаж, жижүүр хийж байсан сэтгүүлч очиж мэдээлэл авсан юм билээ. Манай утас байнга нээлттэй байдаг. Тэр Машбат гэдэг хүнээс сэтгүүлчийн овсгоо гаргаж, цагдаад түлхүүлэн хөөгдөн байж ярилцлага авсан байсан. Хувийн дүгнэлт хийгээгүй. Манай байрлаж байгаа байр, Сүхбаатарын талбай хоёр 300 метрийн л зайтай. Тэр бичлэгийг олон дөрөв таван телевизэд өгсөн. Өрсөлдөгч сайтуудыг  бид гүйцэж төрүүлээд ирэхээр эсрэг мессеж тараасан байна лээ. Хэн нь шударга, шууд мэдээлж чадна, хэн нь өрсч түрүүлнэ, тэр нь энэ зах зээлд шударгаар ялна. Шударгаар өрсөлдөхийг уриалж байна. Манай сайтын ачааллыг зориуд нэмэгдүүлэх, хакер маягийн довтолгоог ч  маш их хийж байгаа.

-Сүүлчийн асуулт. Ерөн­хийлөгч асан Н.Энхбаяр танд дахин хамтарч ажиллах санал тавьсан тохиолдолд “тэгье” гэж хэлэхэд бэлэн үү?

-Би ямар Фен нь биш дээ. Хэзээ ч үгүй гэж гүрийхгүй. Хэзээд бэлэн гэж ёслохгүй. Хамтрах оновчтой сэдэв байвал хамтарна. Харин миний байр суурьтай тохирохгүй санаа дэвшүүлбэл хамтрахгүй ээ.

Тоймч Г.Отгонжаргал