Саахалт айлын Араб эр

Манай хажуу өрөөнд АБУ гэж нэг Египет нөхөр амьдрах. Механикийн чиглэлээр сурахаар Солонгосд ирээд одоо Ёнсой их сургуулийн Механик Инжинерийн сургуульд сурч байгаа мань нөхрийн талаар яагаад ч юм бэ хэдэн үг бичмээр санагдлаа. Би ч түүнийг таньдаг болоод нэг жил арай хүрээгүй байна. Байранд урьд нь зүс танидаг, мэндийн зөрүүтэй өнгөрдөг мань нөхөртэй айл саахалт амьдрах болсоноор ор төсөөлөлгүй байсан Египет орон, лалын шашины соёлоос нь бага сага гадарлах болсон билээ. Мань хүн ч бас Монгол орны талаар бас хэрдээнгүй мэдлэгтэй болсон байх. Харин очиж очиж Лалын шашинтай орны бусад оюутнуудтай харьцуулахд харьцангүй Монгол орны талаар , ялангуяа Чингэс хааны минь талаар сонирхож явдагаа, мөн дэлхийн түүхэнд нүүдэлчин Монголчууд гэж өгүүлсэн сурах бичиг их байдаг талаар ярихыг нь сонсож суухад таатай сэтгэгдэл төрж билээ. За тэгээд хүний газар найз болох ч амар юм даа. Нэг нэгний дээ орж гарсаар нэг мэдэхэд улс төр, эдийн засаг, аваргуудын лигийн талаар бөөн яриа өрнүүлж бас хөөрхөн маргаан болж тэрийгээ таслуулах гэж гүүгль-ийн хайлтын системийг ашиглаж маргаанаа таслана. Аагтай нь аргагүй Араб цайгаар зочиноо дайлах мань эр энэ сургууль дэхь цорын ганц найзыгаа намайг гэх. Хаа нэг шөнө орой буу халах, цай хувааж уухаас өөр хийгээд туслаад гавьсан юмгүй намайг найзаа гэж сүйд болно. Инжинерийн сургуульд сурдаг болохоор өглөө гараад шөнө дөл л орж ирнэ. Ор байдагсан бол сургууль дээрээ хонож мэдэх нөхөр л дөө. Хоногын 24 цагын 17 цагт нь сууж хөдөлмөрлөдөг цаг зав багатай хүнд яаж ч хүнтэй найзалж нөхөрлөөд байх цаг байв гэж дээ. Сургуулиас стипент гэж хэдэн төгрөг авна. Тэрнээсээ ихэнхийг нь гэр орон руугаа явуулчихна. Өөрөө бол бүсээ чангалаад л зүтгээд байдаг нөхөр. Гадуур дотуур явна гэж бүр ч байхгүй. Түүний амьдрал бол ердөө л Лаб-байр хоёрын хооронд үргэлжилнэ. Чөлөөт цаг гэж ер гаргахгүй. Роботорхуу маягын нөхөр гэхүү дээ. Том ч зорилготой. Төгсөөд NASA (Үндэсний сансар судлалын хүрээлэн)-д очиж ажиллана. Америкт доктороо хамгаална гэж ярих түүний ярианаас бөөн эрч хүч мэдрэгдэх шиг. Дээрээс нь гэр ороноо авч явах хүлээсэн үүрэг байгаа тул би сайхан амьдрах ёстой гэнэ. Түүний яриаг сонсож суухдаа энд авч байгаа тэтгэлэгээрээ гэр бүлийнхэнийгээ тэжээгээд, дээрээс нь өөрийгөө болгоод явж байгаа оюутнууд хэр олон байгаа бол доо гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байлаа. Тэр өнөөдөр ч гэсэн 12 хүртэл Лабдаа суугаад гэрийн зүг алхаж явахдаа хэдэн жилийн дараа НАСА-д ажиллаж байгаа гэж мөрөөдөж төсөөлж яваа. Өдөржингөө лаб-даа суусан ядаргаа нь тэр ганцхан мөрөөдөл эрч хүч тэвчээр хатуужилыг түүнд өгч байгаа. Өнөөдөр тэрбээр НАСА-д ажиллах ирээдүйнхээ төлөө бүхэл өдрийн ихэнхи цагыг судалгааныхаа ажилд зориулж байна.  Өдөржин шөнөжин сууж байгаа түүний ядарсан бие мах бодийг тэр нэг мөрөөдөл түүнийг маргааш өглөө Лаб руу нь хөтлөх болно.  Өглөөнөөс шөнө болтол суух түүний царайнаас би чадна даа гэсэн өөртөө итгэх итгэл харагдана. Шөнийн тэнгэрт гялалзах тоо томшгүй олон одод өөд мөрөөдлөө шивнэчихээд гэрийн зүг алхаж яваа энэ Араб эрийн мөрөөдөл биелэгдэх болтугай. Солонгос зүйр цэцэн үгэнд “Аливаа эхлэл бол хийх ажлынхаа талыг хийсэнтэй тэнцэнэ” гэсэн үг байдаг. Мань найз бол аль хэдийнэ “би” гэдэг дайсангаа даваад гарчихсан, хөдөөгийн замаас засмал замруу орохтой адил түүний өмнө зам дардан, гэрэл гэгээтэй ирээдүй түүнийг угтаж байна.

Нэгэн Араб залуугийн талаар товчхон танилцуулахад нэг ийм байна. Энэ залуугаас сурах зүйл ч надад их байлаа.

Бид хоёр …………………эхэнд  хэдэн жилийн дараа уулзахаар тохиров.