Өнөөдөр өвлийн адаг сарын битүүний өдөр.

Өнөөдөр цэнхэр дэлгэцээрээ сар шинийн хүчит бөхийнхөө барилдааныг шимтэн сууж хавь ойр хамаатан саднуудтайгаа битүүлдэг өдөр.

Өнөөдөр сар шинийнхээ идээ цагаагаа бэлддэг өдөр.

 Маргааш Цагаан сарын шинийн нэгний өдөр. Монгол түмний уламжлалт баярын нэг.

 Хаврын эхэн сар удахгүй гарлаа гэж байгаа юм шиг цаг агаар ч өнөөдөр налайгаад сайхан байна.

Гадаа нам чимээгүй. Өглөө босоод монгол хүн байна даа. Гэр орондоо багахан шиг цэвэрлэгээ хийгээд аль дээрээс хойш дуусгаж амжаагүй байсан И Хан бин докторын номыг дахин номын сангаас авч дуусгах санаатай ширээнийхээ өмнө суусан боловч блогтоо салхи оруулмаар санагдаад ийн бичиж сууна.

 Өнөөдөр Монгол оронд маань сар шинийн битүүлэг, идээ цагаагаа бэлдэх гээд л бүгд дор бүрнээ завгүй байгаа. Ээж маань Монголоос холбогдож байна. Надаас бусад бүх ах дүү нар мань цугларчихсан. Хавь ойрын хамаатан садангууд битүүлээд эхэлчихсэнийг дуулахад үнэхээр сайхан байлаа. Би бодоод байсан Цэрэгт байдаг жил энэ жил хоёрыг эс тооцвол жил жилийн цагаан сараар Буурал аав болон гэрийнхэнтэйгээ хамт шинэлдэг байлаа. Хуучин оноо үдэж шинэ оноо угтахдаа Монголчууд хуучин бүхнээсээ салж шинэ бүхэнтэй хамт шинэ оноо угтдаг уламжлалтай. Өнгөрөн одож байгаа Үхэр жил бол миний хувьд олз омог амжилтаар дүүрэн сайхан жил байлаа. Ирж буй “Тийн урвагч” хэмээх Төмөр бар жилд ч илүү ихийг хөдөлмөрлөж бүтээхийн төлөө зүтгэх болно.

 Ирж буй “Тийн урвагч” хэмээх төмөр бар жилд та бүхний санасан бүхэн сэтгэлчлэн бүтэж, зорисон бүхэн санасанаар тань болох болтугай.