Сайн байцгаана уу
Эрхэм хүндэт ард иргэд ээ

Хэдхэн хормын дараа 2010 он гарах гэж байна. Шинэ он, шинэ тоолол эхлэх гэж байна. Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах нь хүн бүрт ер бусын сэтгэгдэл төрүүлдэг.

Аливаа он цаг нь тухайн үед амьдарч буй хүмүүсийн амьдралын тусгал болж үлддэг. Улирч буй 2009 он ч ялгаагүй. Хэдхэн хормын дараа Монголчууд та бидний хамтын бүтээл болсон эдүгээгийн 2009 он түүх болж үлдэнэ.

Өнгөрч буй онд хамгийн олон хос хуримлаж, бас сүүлийн хорин жилийн түүхэнд хамгийн олон шинэ хүн Монголд мэндэлжээ. 2009 онд Монгол улс 68 мянган шинэ иргэнээр бүл нэмжээ. Энэ онд олон мянган 6-н настнууд анх удаа сургуулийн алтан босгоор алхсан бол, мөн олон мянган залуус сургуулиа төгсөж ажил амьдралын их гараанд хөл тавьжээ.

Эзэн хичээвэл заяа хичээнэ гэгчээр хичээж зүтгэсэн олон монголчууд амжилтын эзэд болцгоожээ. Тэдний дотроос манай спорт урлагийнхан, уран бүтээлчид, чөлөөт үйлдвэрлэгчид өнгөтэй байлаа. Манай тариаланчид атар газар эзэмшсэнийхээ хагас зууны ойг арвин ургац, өндөр амжилтаар угтлаа. Халх голын ялалтын түүхт 70 жилийн ой тохиож ард иргэд маань ахмад үеийнхнийхээ баатарлаг, гавъяат үйлсийг бахархан тэмдэглэлээ. Монголчууд ардчилсан түүхэн сонголтоо баталгаажуулж, ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг Монгол түмний нийтлэг ололт, үнэт зүйл, үндэсний бахархал болгож олон жилийн хуваагдалдаа цэг тавьж чадлаа. Ардчилал, эрх чөлөөнийхөө ололтыг газар бүр агуулгын хувьд баталгаажуулан бэхжүүлэх их ажил үргэлжилсээр байна.

Өнгөрч байгаа онд эдийн засгийн хямрал, дэлхийн дулаарал, олны сэтгэлийг түгшээсэн түгээмэл хүндрэл сорилтууд ч биднийг тойрсонгүй. Гэхдээ Монголчууд энэ бүхнээс сургамж авч, Монгол хүн Монголоо дэмжин улсаараа урагшлахын үлгэр дууриаллыг бас үзүүллээ. Монголын ард түмний аж амьдралыг дээшлүүлэх, эдийн засгийн боломж хүчин чадлыг огцом нэмэгдүүлэх, ард иргэдийнхээ эд баялагтаа эзэн байх эрхийг баталгаажуулахад чиглэсэн зарим чухал шийдлүүд гарч, гэрээ хэлцлүүд батлагдлаа.

Цаашид Монгол түмний нийтлэг эрх ашиг, хөгжил дэвшилд хувь нэмэр болох олон сайн шийдэл, олон бүтээн байгуулалт өрнөнө гэдэгт итгэлтэй байна.

Дэлхий хэмээх нэгэн гэр бүлийн хүндтэй, нэр төртэй, бүрэн эрхт гишүүний хувьд Монгол Улс ч олон улс, хүн төрөлхтний анхаарал татсан чухал асуудлаар байр сууриа илэрхийлж идэвхтэй ажиллаа.

Ирж буй 2010 онд Монголынхоо сайн нэрийг, аав ээжийнхээ сайхан алдрыг, ус нутгийнхаа нэр төрийг хүн бүр сайнаар гаргаж, өндөрт өргөнө гэдэгт би итгэж байна.

Азай буурал ахмадууддаа, алаг бяцхан үрсдээ Монгол гэдэг нэгэн айлын нийт аав ээж, ах дүү, охид хөвгүүддээ ирж байгаа шинэ оны мэнд хүргэе.

Хоёр оны зааг дээр шинэ хүн өлгийдөж байгаа эх баригчдад, ээлжийн ажилтай байгаа хүн бүрт, газар газар алба хааж байгаа цэрэг дайчиддаа шинэ оны мэнд хүргэе. Малчид, тариаланчид, багш, эмч, ажилчид, төрийн түшээд, оюутан залуус, гадаад дотоод хаана ч бай шинэ оноо угтаж байгаа нийт иргэддээ шинэ оны мэнд хүргэе. Амьдралын хүнд хүчрээс шалтгаалан шинэ оноо сэтгэл хангалуун угтаж чадахгүй байгаа хүмүүст шинэ жилийн гал халуун мэнд дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөе.

Өөрийн улс орон, байгууллагаа төлөөлөн манай оронд ажиллаж амьдарч байгаа дэлхийн олон орны иргэдэд, манай улсыг дэмжин тусалж, хамтран ажиллагч нийт хүмүүст шинэ оны нөхөрсөг, халуун мэнд хүргэе. Happy New Year.

Одоо та бүхэн оргилуун дарсаа бариарай. Бие биендээ баяр хүргээрэй. Сайхан ерөөл хэлээрэй. Энхрий бяцхан үрсээ үнсээрэй. Аав ээж, өвөө эмээ, настан буурлууддаа баярлалаа гэж хэлээрэй. Хол газар яваа нэгэндээ, дотнын хүмүүстээ шинэ оны мэнд хүргээрэй.

Та бүхний зарим нь шинэ оны баяраа тэмдэглэсэн, зарим нь одоо тэмдэглэж байгаа байх. Харин бид бүгдээрээ одоо шинэ оноо угтан авах гэж байна. Шинэ оны баяраар хүн бүр бие биендээ сайхан ерөөл өргөж, билэгтэй үгс хэлэлцдэг. Одоо гарч буй шинэ-2010 он хүн бүрийн, та бүхний бие биендээ хандаж хэлсэн ерөөл, билэг бүхэн биелсэн, Монгол түмний хийморь өөдөө сайхан жил байх болтугай. Шинэ оны мэнд хүргэе. Аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Миний Монголын сайн нэр, суу алдар мандан бадрах болтугай. Баяртай 2009 он, Сайн байна уу 2010 он. Баярлалаа.